Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ
Угтаа улс төрийн намууд “...Тухайн горилогчийн олон нийтийн дундах нэр хүндийг харна” гэдэг нэг талын, наад захын шаардлага юм. Нөгөө талд, бүр цаана нь нэг л зарчим үйлчлэх шаардлага үүсээд байна. Мэдээж, улс төрийн намуудын удирдах байгууллагууд үүнийг олж харсан л биз. Тэр нь юу вэ гэхээр, олон нийтийн хүсээд, шаардаад байгаа УИХ бол “...Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүс хэрэгтэй шүү” гээд байгаа юм. Мэдлэг боловсрол, хууль тогтоох чадвар мэдээж чухал л даа. Гэвч өнөөдөр нэн шаардлагатай “шалгуур” энэ болоод байгаа юм.
Ерөөсөө энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхдээ улс төрийн намуудын анхаарах зарчим нь энэ. Хулгайч нарыг хамгаалдаггүй, хулгайг өөгшүүлдэггүй л хүмүүсээ нэр дэвшүүлж байж л улс төрийн намууд нэр хүндээ өндийлгөх боломжтой. Тийм хүмүүс дээр хэлсэн нөхдүүдээс ч олон бий л дээ. Гэхдээ хулгайч биш, хулгайг хамгаалахгүй хүмүүс нь нэг сул талтай байна. Тэдний улс төрийн нөлөө бага байна. Гэтэл улс төрийн намуудын сонгуулийн амжилт нэр дэвшигчдийнх нь нэр хүндээр хэмжигдэхээр болчихоод байдаг. Хамгийн гол нь “нөгөөдүүл”-ээсээ татгалзахын ашиг тус тухайн улс төрийн намууддаа хүртэхээр тогтохгүй юм. Тэр ашиг тус Монгол Улсад ирнэ. Тэгэхээр улс төрийн намууд тийм сонголтын өмнө иргэдийг аваачих үүрэгтэй болчихсон хэрэг. Тиймээс болдог бол улс төрийн намуудад “…Нөгөөдүүлээсээ татгалзчих” гээд зөвлөчихмөөр байгаа юм.
Ер нь бол сонгуульд санал өгдөг иргэд, сонгогчид одоо хэрсүү, бас хэцүү болсон. Өнгөрсөн хугацаанд эрх мэдэл дагасан асар их авлига, хулгай байсныг мэдчихсэн. Мэдээлэлтэй болчихсон. Нэг үгээр хэлбэл, авлигыг үл тэвчих үзэл суучихсан. Ийм байхад улс төрийн нам, СЕХ, за бүр сонгогчдын саналыг яаж ийж аваад УИХ-д орох нь намдаа ч, төрд ч томоохон эрсдэл, ихээхэн ажил чирэгдэл учруулна. Учир нь өнөөдөр шүүхээр шийдүүлэх гээд “амжаагүй” хэргүүд маргааш шийдэгдэж л таарна. Шүүх ч дандаа иймээрээ байх боломжгүй болсон. Тэгэхээр “...Улсын ерөнхий прокурорын нэр бүхий гишүүнийг түдгэлзүүлэх хүсэлтэд дарагдсан УИХ байгуулах уу”, “...Улсын хөгжил, шударга ёс ярьдаг УИХ-тай болох уу” гэдгийн эхний сонголтыг л улс төрийн намууд хийх гэж байна л даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР