Нэр дэвшигчдийн “өнгө” Х.Баттулга, Сү.Батболд, С.Баярцогт, М.Энхболд нараас хамаарах уу?
Ирэх долоо хоногийн эхний өдрүүдэд улс төрийн намууд УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох 23 нам, хоёр эвслээс нэр дэвшигчдээ зарлана. Бие даагчид ч мөн тодорно. СЕХ-нд баримт материалыг нь хүргүүлнэ. Тэр болтол намууд хөл хөдөлгөөн ихтэй л байх шинжтэй. Нам дотроо ч бус нам дамнасан үйл явдлууд ч өрнөх төлөвтэй.
Яагаад гэхээр, Монголын улс төрд удаан жил явж, улс төрийн шийдвэр гаргах түвшинд олон жил ажилласан нэр бүхий хүмүүсийн дунд нэлээд асуудал гараад байгаа аж. Тэдний дунд хэдийнээс “өрсөлдөөн” бий болсон. Олон нийт ч заримыг нь мэддэг болчихсон.
Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Сү.Батболд хоёр бол зөрчил тэмцлээ олноос нуухаа больсон. Тэр бүү хэл Х.Баттулга “...Хэрвээ Сү.Батболд нэр дэвшвэл би ч бас үзнэ” гэсэн бол Сү.Батболд “...Х.Баттулга нэр дэвшихгүй бол би ч гэсэн нэр дэвшихгүй” гэж цөөн биш хүнд ярьсан байгаа юм. Х.Баттулга ингэхдээ бас С.Баярцогт, Б.Хурц нарын нэрийг ч дурджээ.
Тэгвэл эдгээр нэр дурдсан хүмүүсийг жагсаалтад бичигдэх байтугай тойрогт нэр дэвших эсэх дээр нам нь ч, олон нийт ч таатай хандахгүй болчихоод байна. Тэднийг монгол хэлний тайлбар тольд тайлсанчлан нэр муутай болсон, нэр хүндээ алдсан гэх буюу “...Нэр үгүй” хүмүүс гэдэг болчихсон.
Тэгээд ч Х.Баттулга нэр дэвших нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд маш муу жишиг тогтооно. Харин Сү.Батболдын тухайд АНУ-ын прокурорын байгууллагаас “...Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаагүй Сү.Батболдын төлөөний хүний нэр дээр бүртгэлтэй. Компани нь уул уурхайн гэрээ байгуулсны шагналд ирсэн 68 сая ам.долларыг төвлөрүүлсэн байж болзошгүй” гэж үзээд хөрөнгө хураах нэхэмжлэлийг гаргажээ. Энэ талаар Монголын төрд мэдэгдэл хүрүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.
Мөн “...Улс төр ч, олон нийт ч жийрхэж залхсан” гэдэг хүмүүсийн албан бус жагсаалтад нэр дурдагдсан С.Баярцогт, М.Энхболд нар ч оржээ.
С.Баярцогтын шүүхээс ял шийтгүүлсэн асуудал өнөө хэр нь маргаантай хэвээр байгаа юм. М.Энхболдын тухайд шүүхээр шийдвэрлүүлээгүй ч тэгэхэд маш ойртсон хэд хэдэн асуудалтай. Гэхдээ тэрээр энэ сонгуульд нэр дэвших бодолтойгоор нутгийнхнаа, хуучин журмын нөхөдтэйгээ байнга уулзаж, төлөвлөгөө гаргаад ажиллаж эхэлсэн байна.
Энд нэр дурдагсад бол нэр дэвшвэл магнайгаа хагартал баярлах хүн маш цөөхөн л байхаар хүмүүсийн зарим нь юм. Нэг үгээр хэлбэл, намууд ийм хүмүүсээ нэр дэвшүүлэх эсэхээс энэ сонгуульд нэр дэвшигчдийн, цаашлаад шинэ парламентын “өнгө” тодорхойлогдохоор байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД