О.БААСАНХҮҮ: ЖДҮХС-ИЙН АСУУДАЛТАЙ ХОЛБООТОЙ 20 ГАРУЙ ГИШҮҮНИЙ ХАВТАСТ ХЭРЭГ БЭЛЭН БОЛСОН
О.БААСАНХҮҮ: ЖДҮХС-ИЙН АСУУДАЛТАЙ ХОЛБООТОЙ 20 ГАРУЙ ГИШҮҮНИЙ ХАВТАСТ ХЭРЭГ БЭЛЭН БОЛСОН
2019 оны УИХ-ын анхны нэгдсэн чуулган ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хойшиллоо. Үүнээс өмнө долоон удаа хойшлоод буй. Уг асуудлаар УИХ-ын гишүүн О. Баасанхүүгээс тодрууллаа.
-УИХ-ын нэгдсэн чуулган найм дахь удаагаа хойшиллоо. Эрх баригч нам дотроо эвлэлдсэн гэсэн сураг байна?
-Би одоо ганцаараа байна. Ард түмэн 65 гишүүнд Үндсэн хуулийг өөрчилж болно. УИХ-ыг хуралдуулж, тарааж болно гээд эрхийг нь өгсөн. Нөхдүүд сонгуульд орохдоо бүгд “Намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Намайг сонгоод өгөөч. Би сонгогдвол ажил хийе” гэж УИХ-ын гишүүн болсон гэж ойлгож байна. Түүнээс биш М.Энхболд гэдэг хүнийг огцруулж, тэр хүнтэй тэмцэнэ гэж УИХ-ын гишүүн болсон гэж ойлгохгүй байна. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд манай намын хамгийн мундаг, хамгийн хайртай хүн гээд УИХ-ын дарга болоход нь 65-уулаа кноп дарж сонгосон шүү дээ. Одоо юунаас болж чуулганыг хуралдуулахгүй байгааг ойлгохгүй байна. Тэмцэж байна гэх юм. Юуны төлөө тэмцэж байгааг нь ойлгохгүй байна. Тэмцэл улс төрийн, эдийн засгийн гэсэн хоёр хэлбэртэй. Эдийн засгийн гэхээр мөнгө, цалин хөлс, санхүү гээд эдийн засгийн холбогдолтой шаардлага тавиад түүнийгээ биелүүлдэг. Харин улс төрийн гэхээр эрх мэдэлд хүрэхийн төлөө. Өөрөөр хэлбэл, энэ хүнийг чөлөөлөөд би Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болж төрийн эрх мэдэлд гарч та нарын хийж чадаагүйг бид хийнэ гэдэг. Гэтэл эд нар чинь өөрсдөө эрх мэдэлтэй хэрнээ эрх мэдлийн асуудлаар тэмцэл хийнэ гэхээр би ойлгохгүй байгаа юм. “М.Энхболд огцор, огцрохгүй бол нийт ард түмэн хурцын хурц тэмцэл хийнэ” ч гэх шиг. Хэний эсрэг хэн тэмцээд байгааг ойлгохгүй байна. Яагаад гэвэл, өөрсдөө гаргаж ирээд дараа нь өөрсдөө больё гэдэг чинь тэдний л асуудал биз дээ. УИХ-ын үйл ажиллагаанд ямар хамаатай юм бэ. Их тэнгэрийн гадаах зам дээр нь дээшээ харж хэвтээд, хувцас хунараа тайлж, жагс л даа. Чаддаг юм бол. УИХ бол шал өөр асуудал.
Ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгох, Зөрчлийн тухай хуулийг өөрчилье, “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудалд сар бүр 1.2 сая америк долларын торгууль тавиад байгаа. Миний хэлсэн гол санаа бол энэ нөхөд хэний эсрэг тэмцэж байгаагаа ойлгохгүй байна. УИХ-ын даргын эсрэг юм уу, УИХ-ын эсрэг юм уу. УИХ-ын даргын эсрэг юм бол тэр хүнтэйгээ ярь. УИХ-ын даргыг орлох хоёр хүн байна. Чуулганыг хуралдуул л даа. УИХ-ын чуулган хуралдахаар эд нар өөрсдөө балрах гээд байна шүү дээ. ЖДҮХС-ийн асуудалтай холбоотой 20 гаруй гишүүний хавтаст хэрэг бэлэн болсон. Өнөөдөр ч өргөн барихад бэлэн байна. Үүнийг би ганцаараа хэлсэн юм биш. Намын бага хурал дээрээ Ц.Нямдорж хүртэл хэлсэн байна лээ. Нэг хүнтэй тэмцэх гэж байгаа юм бол тэр хүнтэйгээ л тэмц. Гэр оронд нь, тэр Их тэнгэрийнх нь гадаа очоод тэмц. Төрийн ажлыг гацааж байгаа зорилгоо одоо МАНАН энэ тэр гэж худал ярихаа болих хэрэгтэй. МАНАН-гийн эсрэг тэмцээгүй. МАНАН-гийнхан МАНАН-гийн эсрэг тэмцэхгүй шүү дээ. Энэ бүхний цаад зорилго нь Монгол Улсыг, Монгол төрийг чадамжгүй болгох гэж зохион байгуулалттайгаар гадны гар хөл болж байна гэж би хардаж байна.
-Чуулган гацаасан явдлыг та юу гэж харж байна вэ?
-Яг үнэндээ чуулган гацаасан гишүүдийн өмнөөс ичиж үхэх гээд байна. Арга бараад УИХ-ын даргыг өргөдлөө өгчих гэж хэлсэн. Тэгэхэд хуулийн хүрээнд шийднэ гэсэн. Худлаа гэвэл ТЕГ-ын дарга Гэрэл миний хажууд байсан. Хууль бусаар УИХ-ын чуулганыг бойкотолно гэдэг нь ард түмнээ барьцаалж, ард түмнээ доромжилж, цаашлаад төрийн үйл ажиллагааг санаатай гацааж байгаа олигархуудын бүлэглэлийн дайн байна гэж харж байна. Өнөөдрийн дотор энэ асуудлаа цэгцлэхгүй бол хуралдаа суухгүй байгаа гишүүд дээр очиж фэйсбүүкээр лайв хийнэ. Та юуны төлөө тэмцэж байгааг нь асууна. Хатуухан хэлэхэд шоронд орохгүй гэж хоног аргацааж байгаа хэлбэр шүү дээ.
С.Нацаг