МЭНДЧИЛГЭЭ

Нийтэлсэн: Админ 2018-12-31 12:19:55

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Нийслэлийн иргэд, оршин суугчид Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны баярын мэнд хүргэе.


Улирч буй оноо үдэж, учран золгож буй шинэ оноо угтах энэ мөчид Та бид ажил, амьдралынхаа алдаа, оноог цэгнэж, амжилт бүтээлээ бататгаж, ирээдүйд хийх ажлынхаа зорилго, зорилтыг тодорхойлдог уламжлалтай билээ.


2018 онд нийслэлийн ИТХ иргэд, оршин суугчдынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдүүлэхээс эхлээд иргэдийнхээ санал гомдлыг барагдуулах, оролцоог хангах хүрээнд нийслэлийн Газрын албаны үйл ажиллагаа, газар зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, замын хөдөлгөөний ачааллыг багасгаж, агаар орчны бохирдлыг бууруулах, нийгэм, эдийн засгийн чадавхийг сайжруулах олон ажил эхлүүллээ.


Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан, алба хаагчдын ажлыг илүү ил тод, нээлттэй, авлига хээл хахууль, хүнд сурталгүй, бүтээлч байлгах хүрээнд төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүллээ. Цаашид нийслэл хотын иргэд, оршин суугчдын амьдрах орчныг илүү тухтай болгох хүрээнд хот төлөвлөлтийг судалгаа, тооцоо, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх үүднээс Хот төлөвлөлт, судалгааны институт байгуулахаар ажиллаж байна.


Айлчлан ирж буй шинэ ондоо нийслэлийн иргэд, оршин суугчид төдийгүй нийт Монгол түмэн минь төрт ёсоо дээдэлж, үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж, түмэн олноороо хөгжилд тэмүүлж, хүн бүр амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

 

 

                         НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ДАРГА     С.АМАРСАЙХАН