Сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар сургалт, мэдээлэл хийв

Нийтэлсэн: Админ 2024-04-16 8:44:11

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Зууны мэдээ” сонин Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Сонгуулийн боловсрол” буланг хөтлөн явуулдаг билээ.


“Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасны дагуу УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 28-нд явуулахаар болов. Мөн Монгол Улсын Их Хурлын 2013 оны 112 дугаар тогтоолоор Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлсэн таван бүсэд хамаарах сонгуулийн 13 тойргийг байгуулж, мандатын тоог  тогтоосон. Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийг баталсан.

УИХ-ын ээлжит сонгуультай холбоотойгоор Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын хүсэлтээр тус аймгийн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт (2024.04.11) мэдээлэл, сургалт хийлээ. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах ажлын явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран товч мэдээлэл өгөөд, байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагыг удирдах ажлаа хариуцлагатай гүйцэтгэхийг хүсэв.

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан сурталчилгааны зурагт самбар, бэхэн тэмдэглэгээ, хяналтын тооллого зэрэг онцлох зохицуулалтын талаар мэдээлж, сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагчдын нөөц бүрдүүлэх, санал авах байр бэлтгэх чиглэлээр зааварчилгаа өгөв. Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн ажиллагаа болон www.e-election.mn цахим системд бүртгүүлж, сургалтад хамрагдан гэрчилгээ авсан албан хаагчдыг хүсэлтийг шийдвэрлэх талаар Мэдээллийн технологийн төвийн ахлах референт Б.Ууганцэцэг мэдээлэл хийлээ. Аймаг, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулахад тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх талаар асууж, мэдээлэл солилцсон юм.