Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна
С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлж явсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхийн шийдвэрээр суллаад гурван жил, “цагаатгаад” нэг жил болж байна.
Тэгвэл Т.Чимгээ 2024 оны гуравдугаар сарын 6-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэрээр нэхэмжлэлдээ “...Намайг төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэрэгт хилсээр холбогдуулан ТЕГ- аас 2013 оны зургадугаар сараас эхлэн мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Улмаар шоронд ял эдэлж байсан ялтан Ц.Амгаланбаатарын нэрээр айлган сүрдүүлж, дарамтлан доромжилсон мессеж бичиж, гэр оронд маань нууцаар нэвтэрч чагнах төхөөрөмж байрлуулан гар утас чагнах, гэрийн гадаа нууцаар хяналт хийх, өдрийн цагаар дагах зэрэг ажиллагаа хийсээр 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр ажилдаа явж байхад хэсэг залуус хүч хэрэглэн толгойд хар уут углан машин хүчээр чихээд авч явсан.
Төв аймгийн цагдан хорих байрны зоорийн давхрын цементэн шалтай, цонхгүй, ариун цэврийн өрөөгүй, халаалтгүй өрөөнд нимгэн хувцастай хорьсон. Ингээд намайг эрүүгийн 830142 дугаартай хэрэгт хүнийг онц хэрцгийгээр, захиалгаар, өөртөө болон бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж үйлдсэн гэх хэрэгт яллагдагчаар татаж гурван шатны шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг Б.Содномдаржаа, Б.Отгонбаатар, насанд хүрээгүй Ц.Амгаланбаатар нартай бүлэглэж хөнөөсөн гэм буруутайд тооцож, хаалттай хорих ангид 20 жилийн хорих ялыг шийтгэсэн.
Ял эдэлж байх хугацаанд Ц.Амгаланбаатар нь худлаа мэдүүлэг өгч гэмгүй хүмүүсийг хилс хэрэгт гүтгэсэн буруугаа хүлээж, хууль хяналтын байгууллагууд хандаж өргөдөл гаргасан.
Түүнээс гадна, биднийг эрүүдэн шүүсэн бичлэгүүд нийтэд ил болсон. Биднийг хилс хэрэгт холбогдуулан шалгаж шийтгүүлсэн Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийг гурван шатны шүүх хэлэлцээд тэднийг гэм буруутайд тооцож ял шийтгэсэн.
Өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хүчин төгөлдөр болсон байсан шийтгэх тогтоол, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу Дээд шүүхийн 2021 оны тавдугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэцээд 227 дугаартай тогтоолоор бидэнд ял оногдуулсан шийтгэх тогтоол, магадлал, тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шоронгоос сулласан. НПГ-ын 2023 оны долдугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Т.Чимгээ миний бие ялтан Ц.Амгаланбаатарын худал мэдүүлэг болон ТЕГ-ын зохиомол хэргийн золиос болж эрүүл мэнд, сэтгэл санаа, алдар хүнд, амьдралаараа хохирсон. Миний бие болоод манай гэр бүл үр хүүхдүүдийн амссан асар их гашуун зовлон, одоо ч үр уршиг хор хөнөөл нь арилаагүй байна. Би огт үйлдээгүй хилс хэрэгт таван жил найман сар хүнд нөхцөлд хоригдон ял эдэлж бүх л талаараа хохирсон. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд уг хилсээр холбогдуулан олон сараар цагдан хорьж, улмаар шүүхээс 20 жилийн ялаар шийтгүүлж, таван жил найман сар шоронд ял эдэлж эрүүдэн шүүгдсэний улмаас эрүүл мэнд эд материалын бодит хохирол, эрүүдэн шүүгдэж, бие сэтгэл санааны хүнд дарамтад өртөж нэр төр, алдар хүнд, эргэж олдохгүй цаг хугацаа, үр хүүхдийнхээ амь насаар хохирсон, үлдсэн насандаа "алуурчин” гэх гүтгэлэг доромжлолын төлбөрт 48 тэрбум төгрөгийг ийг Төрөөс нэхэмжилж байна” гэсэн байна.
Тэрээр цааш нь хохирлоо “Баримттай бодит хохирол”, “Бодит бус хохирол” хэмээн ялгаж тайлбарласан байна.
Баримттай бодит хохирлын тухайд ажлаа хийж байсан бол авах цалин, байрны түрээс, хоригдож байх хугацаанд өөрт нь зориулж ар гэрээс нь гаргасан зардал зэргийг багтаажээ. Энэ нь 922 орчим сая төгрөг болжээ. Харин бодит бус хохирлын тухайд “...Хүнд хэцүү нөхцөлд олон сар жилээр цагдан хоригдсон. Улмаар хаалттай хорих ангид ял эдлэхдээ нэг ч ялтантай харьцаж үг дуугарч болохгүй гэсэн хатуу чанга дэглэмд ганцаар хоригдсон. Ариун цэврийн өрөөнд хүртэл орж гарахад бусад ялтнуудын хөдөлгөөнийг зогсоож байнгын харуулын хяналтанд байлгаж байсан. Түүний улмаас сэтгэл санаа улам хямарч даралт ихсэх өвчтэй болсон. Бөөр, сав, зүрх өвдөж нойргүйдэлд орж мэдрэлийн архаг ядаргаанд орсон. Айж цочдог, цагдаагийн хувцастай хүн харахаараа чичэрч салганадаг өвчтэй болсон. Цагдан хоригдож байхаа түмпэнд, бас камерын өмнө бие засаж чадаагүй буюу бие засах нөхцөлгүй удаан байлгасан. Үүнээс болоод бүдүүн гэдэсний хагалгаанд орох хүртлээ өвдсөн. Шоронгийн эмнэлэгт хагалгаанд орсон. Гэсэн хэдий боловч одоогоор нарийн шинжэлгээ хийлгэх шаардлагатай байна. Мөн суллагдсаны дараа Орхон аймагт сэтгэл мэдрэлийн эмнэлэгт “...Нойргүйдэл, сэтгэл санааны хурц цочрол” гэсэн оноштой хэвтэн эмчлүүлсэн. Гэвч олигтой засрал авахгүй шаналгаа зовиуртай шаналж явна. Ингэж таван жил найман сар цагдан хоригдож эрүүдэн шүүгдэж улмаар 20 жилийн хугацаагаар ял эдлэхээр шийтгэгдэн, хүний ёсноос гадуур хүнлэг бус дарамт яргалалд өртсөн. Сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, эргэж олдохгүй цаг хугацаа, сүүлчийн удаа ч уулзуулаагүй үр хүүдийн амь нас, үлдсэн насандаа үр хүүхдүүд гэр бүлээрээ үүрч явах "Алуурчин" гэх бузар гүтгэлэг доромжлолын төлөөс, мөн үр хүүхэд ирээдүй хойч үеийнхний гадаадад сурч боловсрох эрдэм ном болоод улс төрийн карьерт саад тотгор болох бузар гүтгэлэг доромжлолын төлөөсийг нэхэмжилж байна” гэжээ. Ер нь бол Т.Чимгээ “...Нийт 48.9 тэрбум төгрөгийг Монголын төрөөс гаргуулж иргэн миний хохиролыг барагдуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг гаргажээ.
Харин Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэсэн байна.
Ингэхдээ “...Нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг бүрдүүлж буй 922 орчим төгрөгийн тооцоолол, үндэслэл, эрүүл мэндэд ямар хохирол учирсан нь нэхэмжлэлд тодорхойгүй, орон сууцны түрээсийн төлбөр, Т.Чимгээ нарын зээлийн үлдэгдэл, машин тээвэр, бензин шатахууны зардал, Т.Чимгээгийн охин Ө-гийн оршуулгын зардал, амьдарч байсан байшинг дахин барих зардлыг хариуцагч Төрөөс гаргуулахаар шаардаж буй үндэслэл, тооцоолол ойлгомжгүй хэвээр байна”, “...Нэхэмжлэгч нь хариуцагчийг Төр хэмээн нэхэмжлэлдээ тодорхойлсон байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ”, “...Нэхэмжлэлд хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар гэж тус тус заах” гэсэн шаардлагыг хангаагүй байна”, мөн “...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдаж буй хүний амь нас, гэр бүлийн бүх гишүүдэд хамаарах гүтгэлэг доромжлолын төлөөс хэмээн шаардаж буй үндэслэл ойлгомжгүй, 48 тэрбум төгрөг гаргуулахаар шаардаж буй үндэслэл, түүний тооцоолол тодорхойгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байна” гэж үзжээ. Ингээд “...Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” шийдвэрийг гаргасан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД