АН дахь “G хүч”-нийхэн цагдааг чиглэсэн хоёр акц төлөвлөсөн гэв үү?!

Нийтэлсэн: Админ 2024-04-09 9:44:46
Дэлхийн санхүүг атгадаг “G 20” буюу “Их 20”-ийг бид мэднэ дээ. Орос, Америк, Япон гээд 19 улс, Европын Төв банк багтдаг. Тэдгээрийг Сангийн сайд нар, Төв банкны захирлууд нь төлөөлдөг.
 
“G 20” нь “...Олон улсын санхүүгийн системд холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаа, зөвлөгөөнийг өгөх форум” гэдэг тодорхойлолттой. Нөлөө нь асар өндөр л дөө. Хурлуудад нь ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагууд заавал төлөөлөгчөө суулгадаг. Ингэхээр ойлгомжтой юм.
 
Тэгвэл АН хавьд саяхнаас “G хүч” гэдэг фракц мэндэлжээ. Шинэ фракцыг улс төрийн хүрээнийнхэн янз бүрээр л харж байна. Янз бүрээр ч ярьж байна. Энэхүү “G хүч” фракцад АН-ын хууччуул голдуу оржээ. Олонх нь төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүс байна. Тэр хэрээрээ “...Дэлхийн санхүүгийн “G 20” шиг Монголын улс төр, нийгмийн амьдралд нөлөөлнө” гэж үзэж фракцаа “G хүч” хэмээн нэрийдсэн бололтой. Тэд хотын төвийн нэгэн зочид буудалд штаб байгуулж ойр ойрхон хуралдах болжээ. Хурал нь ч заримдаа халуухан болдог байна. Угаасаа “цочир сонин” асуудлууд ярьдаг болохоор тэр биз ээ. Яг одоо тус фракцын талаар улс төрийн “тамхины цэг” хавиар нэгэн яриа мэдээлэл сонсогдож эхэллээ. “...АН дахь “G хүч”-нийхэн цагдааг чиглэсэн хоёр акц төлөвлөсөн” гэж байна. Эхнийх нь “...С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгахаар ЦЕГ дээр байгуулагдсан ажлын хэсгийг тараах” гэнэ. Тус ажлын хэсгийн үйл ажиллагаа тэдэнд ихээхэн дараа болж буй бололтой юм. Яг ямар саад тотгор болоод байгаа нь одоогоор тодорхой бус байна. Нөгөө нэг төлөвлөгөө нь тус “G хүч”-ийн нэгэн гишүүнийн “хувийн характер”-тай холбоотой асуудал хууль хяналтын байгууллага дээр шалгагдаж эхэлжээ. Тэр гарч ирвэл лав өндөр албан тушаал хашиж ирсэн өнөөх нөхөр нь улс төрөөс үүрд арчигдах нь тодорхой юм байна. Түүнийг ил болгож, цааш даамжруулан шалгуулахгүй байхад  “G хүч” анхаарлаа хандуулж, зарим нэг акц, арга хэмжээг аваад эхэлжээ. Гол нь тэр акц нь “цагдаа” нэртэй байгаа нь анхаарал татаж байгаа юм. Удахгүй эдгээрийн нарийн ширийн учир шалтгаан улс төрийн хүрээнээсээ хальж олон нийтийн хүртээл болох төлөвтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД