АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуанлийн дагуу сонгуульд оролцох улс төрийн намууд өнөөдрөөс өмнө мөрийн хөтөлбөрөө аудитад хүргүүлэх учиртай. Үүнтэй холбоотойгоор АН-ын ҮБХ өнгөрсөн бямба гарагт хуралджээ. Хурлаар мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталжээ. АН-ынхан 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох энэхүү “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900” эрчимт хөгжлийн төлөвлөгөө бүхий мөрийн хөтөлбөрийг өчигдөр өглөө ҮАГ-т албан ёсоор хүлээлгэн өгчээ. АН-ын ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг, генсек Э.Одбаяр, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ц.Туваан, ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж тэргүүтэй төлөөллүүд аваачиж өгсөн байна.
АН-ын дарга Лу.Гантөмөр мөрийн хөтөлбөрөө “…Амлалт биш, ажлын төлөвлөгөө” хэмээн тодорхойлсон. АН 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт гишүүд дэмжигчдийнхээ саналыг авах “Бүтэн Ардчилал” үндэсний аяныг бүтэн хоёр сарын турш зохион байгуулжээ. Уг аяны хүрээнд ажлын хэсгийнхэн 25 мянган км зам туулан Монгол орноо бүтэн тойрч, нийт 79 мянган гишүүнийхээ, 39 салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудаас саналыг нь авчээ.
АН-ын дарга Лу.Гантөмөр “…АН-ын мөрийн хөтөлбөр бол амлалт биш, ажлын төлөвлөгөө юм. “Бүтэн Монгол” төлөвлөгөө маань есөн бүлэгтэй. Заавал хийх есөн зорилттой. Заавал хийж, үр дүнд нь Монгол улс дэлхийн дунджаас дээгүүр хөгжилтэй болох есөн зорилт юм шүү .Манай хөтөлбөр зогссон хөгжил, царцсан амьдралаа сэргээж, цөхөрсөн олноо сэрээж, хөгжил дэвшилд түүчээлэн хүргэх, заавал хийх 90 ажилтай. Нэг бүрчлэн задраад, ажил болох тов тодорхой 900 гаргалгаатай. Ийм учраас бид энэ сонгуульд стратегийн есөн заалт, есөн бүлэг бүхий “Эрчимт хөгжлийн 9:90:900 хөтөлбөр”-өө дэвшүүлж байна” гэсэн юм.
АН-ынхан ингэж баяр ёслолын байдалтайгаар мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т гардуулж байх зуурт улс төрийн хүрээнд мөрийн хөтөлбөрийг дүгнэсэн нэгэн “ёж” яригдаад эхэллээ. “…МАН-ынхан либералдуу, АН-ынхан социалист маягийн мөрийн хөтөлбөр гаргачих шиг боллоо. Аудитаас гараад ирэхээр нь хараарай” гэлцэж байгаа дуулдав. Яав ийв гэтэл саяхан л МоАХ буюу Х.Баттулга нар “Бүтэн Монгол” хөтөлбөрийг боловсруулснаа зарлаж, АН болохоор “Өрийн, төрийн дарамтгүй Монгол” хөтөлбөрт санал аваад явж байжээ.
Өөрөөр хэлбэл, мөрийн хөтөлбөр дээрээ шал өөр концепцтэй явж байсан АН гэнэт л Х.Баттулгын бэлтгэсэн “Бүтэн Монгол”-ын дор сонгуульд орохоор шийдсэн байна. Энэ хөтөлбөрийн агуулгыг яагаад “социалист” гээд байгаа нь бас учиртай аж. Түүний унагасан Хөрөнгө оруулалтын хуультай холбогдох юм байна. Тэгээд л АН-ынхан “социалист” мөрийн хөтөлбөртэй боллоо гэлцээд байгаа аж. Энэ хөтөлбөрийн автор Х.Баттулга ч 20 гаруйхан хоногийн өмнө Өвөрхангайд очоод “…Би УИХ-ын гишүүнээр, Засгийн газрын гишүүнээр, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ард түмнийхээ итгэлийг өвөрлөж сонгогдсон хүний хувьд үүргээ ухамсарлаж болохгүй, бүтэхгүй бүхний төлөө хариуцлагатайгаар ажиллах болно. Хариуцлагатай, сахилга баттай, бэлтгэлтэй байж бид авлигачидтай тэмцэнэ” гэж мэдэгдсэн.
Ер нь бол Х.Баттулгын тухайд АН-д ихээхэн нөлөөтэй болчихсон. АН-ын бүтэц бараг тэр чигтээ түүний мэдэлд орчихсон. Нөгөөх нь ч үүнийг гадарлачихсан. Гадарлах байтугай доторлочихсон. Шахсаар, шантаажилсаар байгаа л дуулддаг болчихсон. Яг үнэндээ Лу.Гантөмөр, Э.Одбаяр нарын тухайд Х.Баттулгатай гар барихгүйгээр сонгууль давах боломжгүй юм. Тийм учраас л түүнтэй хамтарч ажиллахаас өөр аргагүйд хүрсэн хэрэг бололтой юм билээ. Тэгээд ч АН ялж явсан үед ийм л бодлогоор явж байжээ. Учир мэдэх хүмүүс “...Н.Алтанхуяг намын дарга байхдаа яг ийм бодлого барьж намаа “эвхэж” явсан юм. Эс тэгвээс АН шиг задгай улс төртэй намын олон фракц нэг гэрт багтахад хэцүү” гэдэг юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин Б.ГАРЬД