“Ус ба Энх тайван” уриан дор Дэлхийн усны өдөр тохиож байна
1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Манай улс 2005 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болж, усны олон талын ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн юм. Энэ жил Дэлхийн усны өдрийг “Ус ба Энх тайван” уриан дор тэмдэглэж өнгөрүүлж байна.
Улаанбаатар хот нийт 470,444 га нутаг дэвсгэртэй бөгөөд дөрвөн сав газарт хамрагддаг. Нийслэлийн хэмжээнд 251 булаг шанд, 18 рашаан ус, 41 нуур тойром, 84 гол горхи бүртгэгдсэн. Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан булаг шанд, нуур тойром, томоохон гол, мөрний урсац бүрэлдэх эх нь нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 27 хувийг эзэлж байна.
Мөн цөлжилт, хуурайшилт, бохирдлоос хамгаалах зорилгоор 26 булаг шандны эхийг хамгаалж, гол горхи, булаг шандны усыг хуримтлуулах дөрвөн хөв цөөрмийг байгуулан, 160 мянга гаруй шоо метр усыг хуримтлуулж, экологийн таатай орчныг бүрдүүлээд байгаа юм. Энэ онд гурван булгийн эхийг хамгаалах, нэг хөв цөөрөм байгуулах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР