PDAC-2024: Зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулахад Канад улсаас туршлага судална
“Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын чуулга уулзалт-PDAC 2024” 92 дахь удаагийн арга хэмжээний хүрээнд УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт тэргүүтэй төлөөлөгчид Канад Улсын Байгалийн нөөцийн яамны Орлогч сайд Жефф Лабонте тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсад зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулахад Канад Улсын туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн санал солилцсон бөгөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт болох “Тогтвортой уул уурхайг дэмжих нь” стандартыг Монгол Улсад нутагшуулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа талаар дурдлаа.
Мөн Канадын Энэтхэг-Номхон далайн стратегийн хүрээнд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр талууд санал солилцсон бөгөөд Канадын геологийн алба, Монголын Үндэсний геологийн алба хооронд хамтын ажиллагааны чиглэлд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж байгуулахад дэмжиж ажиллахаа Орлогч сайд Жефф Лабонте мэдэгдлээ.