PDAC 2024 уул уурхайн чуулга уулзалт эхэллээ
Канад улсын Торонто хотноо дэлхийн 130 гаруй орны 30 мянга гаруй оролцогчтой дэлхийн уул уурхайн хамгийн том чуулга уулзалт эхэллээ. 92 дах удаагийн чуулганаар энэ жил ногоон эрчим хүч,хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжлийн асуудал нийлүүлэлтийн сүлжээ геополитик, критикал минерал, эрчим хүчний шилжилт зэрэг асуудлуудыг авч хэлэлцэх юм. Монгол Улсын тухайд Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. "Монгол Улсын эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын шинэчлэл" илтгэлийг тэрээр хөрөнгө оруулагчдад хандан тавьлаа. Чуулга уулзалтын эхний өдрийн энэхүү арга хэмжээнд 150 гаруй хөрөнгө оруулагч ирж сонирхсон байна. Монголын уул уурхайн үндэсний ассоциаци болон "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Оюутолгой ХХК, "Эрдэнэс Монгол" групп, "Бадрах Энержи" зэрэг уул уурхайн томоохон компаниудтай хамтран Монголын өдөр арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ.
Монгол улсын хөрөнгө оруулалтын орчныг анхны томоохон төсөл Оюу толгой төслийн хөрөнгө оруулж байсан үе буюу 2008 оны хэмжээнд хардаг. Монгол Улс уул уурхайн салбартаа илүү нээлттэй бодлого баримталж ялангуяа дэд бүтцийн тал дээр илүү дэвшил гарсаныг ойлгуулах нь чухал байгааг албаныхан тэмдэглэж байлаа.
Гадаадын хөрөнгө оруулалтын эрэлд гарсан Монгол Улсын "Моngolia Day" арга хэмжээний үеэр Монголын томоохон хөрөнгө оруулагч "Оюу толгой ХХК Монгол улсад хөрөнгө оруулсан туршлагаа хуваалцаж, "Орано майнинг" компанийн зүгээс Азийн дараагийн ураны гол үйлдвэрлэгч Монгол улс болох тухай илтгэлээ танилцуулах юм. Монголын дараагийн зэсийн томоохон төсөл болох Хармагтай ордын уурхайн асуудал ч хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна.