Д.Пүрэвдаваагийн “нүүдэл”-ийн цаана...
АН-д өнгөрсөн долоо хоногт нэг хөдөлгөөн хийгдэв. “Баянзүрхийн” хэмээх Д.Пүрэвдаваа намаасаа “өрх” тусгаарлажээ. Тэрбээр 2024 оны гуравдугаар сарын 6-нд Баянзүрх дүүргийн АН-д “...Миний бие өөрийн хүсэлтээр Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзсан тул цаашид тус бүлэгт хамаарч, бүлгийн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй болохоо үүргээр илэрхийлж байна" гэсэн өргөдлийг гаргажээ. Улмаар Д.Пүрэвдаваа нь Дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар МЛАН-ын даргаар бүртгүүлсэн талаарх мэдээ олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан.
МЛАН-ын тухайд Дээд шүүх болоод СЕХ-ны бүртгэлээр зургаад бичигддэг. Сонгуулийн саналын хуудас дээр энэ дарааллаа барина гэсэн үг.
Гэхдээ, үүнээс илүүтэй Д.Пүрэвдаваагийн тухайд яагаад ийм “нүүдэл” хийсэн нь улс төрийн хүрээнд зохих анхаарлыг татаж байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн зөвлөх, Нийслэлийн Засаг даргын орлогч, Баянзүрх дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга, мөн Нийслэлийн АН-ын дарга, Баянзүрх дүүргийн АН-ын даргаар ажиллаж байсан. АН-аас гарахаасаа өмнө тус намын Улс төрийн зөвлөлийн гишүүн, ҮБХ-ны гишүүн байжээ.
Ялангуяа 2016 оны сонгуулиар АН навс ялагдсанаас хойш тус намын улс төр Баянзүрх дүүрэг дээр л явдаг байв. Тэр сонгуулиар Баянзүрх дүүргийн ИТХ-д АН дөнгөж л илүүрхэж ялсан. Дүүргийн намын дарга нь Д.Пүрэвдаваа байсан. Улмаар тэр сонгуулийн дараа дүүргийн Засаг даргаар улирч сонгогдсон. Харин УИХ-д үнэмлэхүй ялж, бараг бүх дүүрэгт ч ялалт байгуулсан эрх баригчид Баянзүрх дүүргийн ИТХ-ыг шүүхийн шийдвэрээр нааш цааш болгосоор 2020 оныг хүргэсэн. Тэр хүртэл Баянзүрхийн АН-ынхан бас л чардайтал улс төр хийдэг байв шүү.
Харин тухайн үеийн АН-ын дарга С.Эрдэнэ “...Үгээр байгаагүй” учир 2018 оны арваннэгдүгээр сарын 5-нд тушаал гаргаж дөрвөн жилийн хугацаагаар намаас нь хасаж байв. Тэр үед АН-ын олон гишүүн хасагдсаныг хүмүүс санаж байгаа биз.
Дараа нь 2020 оны сонгуульд ч АН дахин навс ялагдсаны дараа Д.Пүрэвдаваа Нийслэлийн АН-ын даргаар сонгогдож, орон нутгийн сонгуульд оролцсон. 2022 оноос АН шинэ зохион байгуулалтад орж, тэрбээр намын даргын албан тушаалаа өгсөн байдаг.
Тэгвэл 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн тэр намаасаа гарч, жагсаалтын зургаад эрэмбэлэгдэх намыг толгойлохоор болжээ. Тэгмэгц “...Д.Пүрэвдаваа хэний захиалгаар нисэж байгаа чулуу вэ” гэдэг яриа улс төрийн хүрээнд дэгдэж байна. Үнэндээ түүнийг гурван янзаар ярьдаг. Өөрөөр хэлбэл, түүний “эзэд”-ийг гурван өөрөөр тодорхойлдог. Баянзүрхэд байхад нь “...Ерөнхийлөгчийн хүн” гэдэг байв. Тэр үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан бөгөөд хүү Э.Эрдэнэ нь Баянзүрхийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж байсан юм. Дараа нь бас “...Ерөнхийлөгчийн хүн” гэсэн. Тэгэхэд Х.Баттулга Ерөнхийлөгч болсон агаад Д.Пүрэвдаваа түүний зөвлөхөөр ажиллаж байв. Гурав дахь тодорхойлолт нь “...Д.Пүрэвдаваа ах нараа сонсдоггүй, чихгүй толгой”, бас “...Өөрийнхөөрөө улс төр хийдэг, үе дотроо бие даасан этгээд” гэдэг. АН ялагдаад, үйл ажиллагаа нь унтарч, намынх нь улс төр Баянзүрх дээр болдог байхад түүнийг ингэж хэлэх болсон. Магадгүй, намаас нь хөөж байсан тухайн үеийн АН-ын удирдлагуудаас гарсан “үг” биз. Төрийн эрхэнд үнэмлэхүй олонхиор гарсан сөрөг хүчин нь ч үнэндээ нуга дарж чадаагүй л дээ. Тэр ч бас нөлөөлсөн байж таарна. Ийм л гурван “эзэн”-тэй гэгддэг Д.Пүрэвдаваа МЛАН-ын дарга болсон байна. Харин түүний “нүүдэл”-ийн цаана яг юу байгаа нь одоогоор тодорхойгүй гэсэн үг. Ямартай ч “...Монголын улс төрд МАН, АН-ын дараа орох гуравдагч хүчний орон зай онгойсон” гэдэг ойлголт газар авсан. Тэр хэрээр тэр орон зай руу зүтгэж байгаа улстөрчид, улс төрийн намууд олон байна. Д.Пүрэвдаваа ч тийм амбицтай нь тодорхой юм. Харин хамтран зүтгэгчид нь хэн байх вэ гэдэг сонин байна. Тэндээс энэ “нүүдэл”-ийн цаадах тодорно.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин Б.Дамдин-Очир