Зардал нь 50 хувиар буурсан 2024 оны сонгууль

Нийтэлсэн: Админ 2024-03-06 12:20:43

УИХ-ын 126 гишүүнийг сонгох анхны сонгуулийн саналын хуудас өмнөхөөсөө дөрөв дахин томорсон ч, зардал нь 50 хувиар буурчээ.  Уг нь парламентын гишүүний тоо бараг хоёр дахин буюу 50 гишүүнээр нэмэгдэх нь тодорхой болоход сонгуулийн зардал өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдэх нь гэсэн шүүмжлэл дагаж байсан юм. Хуульд тусгасан зохицуулалт биеллээ олж сонгууль зохион байгуулах болон нэр дэвшигчид сурталчилгаагаа хийх, мөрийн хөтөлбөрөө танилцуулах зардлын хэмжээ 50 хувь буурсан нь доорх баримтаас харагдаж байна.

Нэг сонгогчид 4 ам.доллар зарцуулна

Манай улс сонгуулийн насны 2.2 сая иргэнтэй. Сонгууль зохион байгуулах зардлыг задалж тооцвол Монгол Улсын нэг иргэн саналаа өгөхөд 4 ам.доллар буюу 14 мянган төгрөг зарцуулах юм байна. Дэлхийн жишигт сонгууль зохион байгуулж явуулахад 1 сонгогчид 9-12 ам.доллар зарцуулдаг аж. Олон улстай харьцуулахад Монгол Улс өргөн уудам нутагтай, хүн ам тархаж суурьшсан, дэд бүтэц муутай. Үүнээс гадна саналыг төхөөрөмжөөс гадна 100 хувь гараар тоолно гэх зэрэг ажиллагаа ихтэй.

Сонгуулийн зардлыг он, оноор нь жагсаавал:

·         1992 он - 21 сая ₮

·         1996 он - 270 сая ₮

·         2000 он - 460 сая ₮

·         2004 он - 696.6 сая ₮

·         2008 он - 7.2 тэрбум ₮

·         2012 он - 16.8 тэрбум ₮

·         2016 он - 16.5 тэрбум ₮

·         2020 он - 20.5 тэрбум ₮

·         2024 он - 32 тэрбум ₮  

УИХ-ын 76 гишүүнийг сонгох 2020 оны сонгуулийн зардал 20.5 тэрбум төгрөг байснаас харахад гишүүдийн тоо нэмэгдэх тусам гарах зардал нь нэмэгдэх учиртай гэсэн таамаг байсан. Сонгуулийн тогтолцооноос хамаарч 2020 оныхтой харьцуулбал хэсэг бараг 200-аар нэмэгдэнэ. Тэр бүрд ажиллах төрийн албан хаагчдын зардал бас нэмэгдэнэ гэсэн үг. Урьдчилан таамаглаж байгаагаар энэ удаагийн сонгуульд 26 мянган төрийн албан хаагч ажиллана. Тэдгээр албан хаагчдын урамшуулал болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, хэсгийн хорооны үйл ажиллагааны зардалд 19.5 тэрбум төгрөг зарцуулах аж. Мөн саналын хуудас хэвлэх, төрөл бүрийн үнэмлэх гаргах, сурталчилгааны материал хэвлүүлэх зэрэг зохион байгуулалттай холбоотой зардал гарна. Үүн дээр гадаад улсад байгаа иргэдээсээ 4 өдрийн хугацаанд санал авахаар товлосон. Гадаадад байгаа иргэдийн саналыг авах салбар комиссын зардал нийлээд 12.5 тэрбум төгрөг зарцуулах аж.

2020 онд инфляцийн түвшин сонгуулийн  үеэр 3.4 хувьтай байсан бол одоо 4.8 функтээр нэмэгдэж 8.2 хувьтай байна. Эндээс дүгнэвэл харьцангуй бага зардлаар сонгууль зохион байгуулах юм байна.

 

Сонгуулийн сурталчилгааны хугацааг богиносгож, сурталчилгааны самбарыг нэгтгэв

Сонгуулийг бүсчилж томсгосон тойргоор зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь сонгуулийн тогтолцооны өөрчлөлттэй дүйцэхүйц томоохон өөрчлөлт юм. Энэ нь сонгуулийг “мөнгөний” болгох боломж нэр дэвшигчдэд, улс төрийн намуудад гарахгүй нь. УИХ-ын сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-26-ыг дуустал буюу 17 хоног үргэлжилнэ. Тойрог бүрд нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байна. Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ хандив, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно. Жагсаалтаар нэр дэвшигчдийн цахим хуудсыг бүртгэн, цахим орчинд явуулах сурталчилгааны зардал нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын 15 хувиас хэтрэхгүй байхаар хуульд тусгасан.

Мөн нийслэл, аймгийн төвд 400, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагч ажиллаж, тэднийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар цалинжуулна.  Нэр дэвшигчийн сонин, сэтгүүлийн хэмжээ хоёр хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй, ухуулах хуудас нэг хэвлэлийн хуудас байна.Ингэснээр, хэвлэх зардал буурна.

Сонгогчийн тоонд үндэслэн суманд хоёр хүртэл, хороонд гурав хүртэл нэгдсэн самбартай байх бөгөөд нэгдсэн самбарт байрлуулах нэр дэвшигчийн зурагт хуудас нь нэг хэвлэлийн хуудасны дөрөвний нэг хэмжээтэй байх аж. Сум, дүүргийн Засаг дарга холбогдох журмын дагуу нэгдсэн самбарыг бэлтгэж, байршуулахын зэрэгцээ үнэ төлбөргүй ашиглуулахаар тусгажээ.

Жагсаалтаар нэр дэвшигч буюу 48 хүнийг нам нь сурталчилна, өөрсдөө өөрийгөө сурталчлахгүй. Иймд намын сурталчилгааны ажилтнуудын тоог л нэмсэн. Аймаг, дүүргийн нэг хэсэгт тав, бусад газарт гурван зурагт самбар байрлуулах зэргээр зохицуулж, сонгуулийн зардлыг ч танажээ.