ALL IN ONE-Дэлгэц“-ээр эрүүл мэндийн боловсрол олгоно
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо БНСУ-ын Vainer компани хамтран амбулаторийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай "All in one-дэлгэц"-тэй компьютер хандивлав.
Хандивын компьютер тоног төхөөрөмжийг хүлээж авах ёслол өнөөдөр УНТЭ-т боллоо. Ёслолд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргал, Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн М.Түвшинбаяр, БНСУ-ын Vainer ХХК-ийн ерөнхий захирал Ким Вон Гил болон эмч, мэргэжилтнүүд оролцсон юм.
Энэ үеэр УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргал Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, БНСУ-ын Vainer ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлээд “Манай эмнэлэг нь амбулаторийн тусламж, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа. Өнөөдөр хандивлаж буй уг дэлгэцийн тусламжтайгаар амбулаториор үйлчлүүлэх иргэдийн сэтгэл ханамж сайжрахаас гадна бид тус дэлгэцээрээ дамжуулан иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох контентуудыг цацах болно” гэсэн юм.
Олон улсад үзлэгийн кабинетийн үүдэнд дэлгэц суурилуулж, түүгээр тасаг, кабинетийн мэдээлэл, үйлчлүүлэгчийн дараалал, эрүүл мэндийн боловсрол олгох контент зэргийг хүргэдэг байна. УНТЭ нь амбулаторийн үзлэгийн 62 өрөөтэй бөгөөд өрөө тус бүрийн үүдэнд ийнхүү "All in one-дэлгэц"-ийг суурилууллаа. Тус кабинетаар өдөртөө давхардсан тоогоор 3000 гаруй иргэн тусламж, үйлчилгээ авдаг аж. Эмнэлэгт нэн шаардлагатай энэхүү “All in one” дэлгэцийг хандивлах ажлыг зохион байгуулсан Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Г.Баянжаргал "Манай холбоонд 2023 оны зургаадугаар сард ирүүлсэн хүсэлтийн дагуу бид өнөөдөр амбулаторийн үзлэгийн 62 өрөөний үүдэнд байрлах дэлгэцийг хандивлаж байна. Бид уг хүсэлтийг хүлээн авснаас хойш зуны турш хөрөнгө босгох үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд гишүүн болон гишүүн бус байгууллагынхаа дэмжлэгээр БНХАУ-аас тус эмнэлгийн шаардлагад нийцэх тоног төхөөрөмжийг авч хүлээлгэн өгч байна. Цаашид эмнэлгийн үйл ажиллагаанд уг дэлгэцийг ашиглаж, иргэдийн эрүүл мэндэд тусламж үзүүлэх болсондоо баяртай байна” гэж байв.