Сонгуулийн саналын хуудас өмнөхөөс 4 дахин том болно
УИХ-ын ээлжит сонгууль болоход 120 хоног үлдсэн байна. Шинэ сонгуулийн тухай хуулийн дагуу холимог тогтолцоогоор сонгууль болно. Одоогийн УИХ-ын 76 гишүүний тоо 50-аар нэмэгдэж 126 болсон. УИХ-ын 126 гишүүнээс 78 нь томсгосон тойрогт нэр дэвшиж, сонгогчдын саналаар сонгогдох ёстой. 21 аймгийг долоон тойрог, хотыг 6 тойрог болгон томсгосон. Тойрог томорсноор, сонгогчийн саналын хуудас ч дагаад томрох юм.
126 нэр дэвшигчийн 48 нь пропорциональ буюу хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгогдож гарч ирнэ. Нэг нам 48 мандатыг нэр дэвшүүлэх эрхтэй. Одоогоор Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам бий. Нам бүр 48 хүн нэр дэвшүүлэхэд нэлээн олон тоо гарна. Гэхдээ намууд сонгуульд оролцохдоо эвсэл байгуулж болно. Тэгвэл эвслээсээ 48-ийг дэвшүүлнэ гэсэн үг. Ингээд үзвэл сонгуульд оролцох субъект буюу нам, эвсэл хэд байх вэ гэдгээс шалтгаална. Тэгээд сонгогчдод танилцуулах юм. Сонгогчид саналын хуудсан дээр нам дугуйлах байдлаар саналаа өгөх юм. Энэ нь 48 нэр дэвшигчийн нэр саналын хуудаст бичигдэхгүй. 48 нэр дэвшигчээ нам дотроо эрэмбэлнэ.
Нэг сонгогч саналын хуудасд дор хаяж 5-10 нэр дэвшигч дугуйлах шаардлага үүссэн. Жишээлбэл, нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонор аймгууд нийт найман мандаттай. Баянхонгор аймгийн сонгогч иргэн Б саналын хуудаснаас аймгийнхаа гаралтай нэр дэвшигчид дээр сонголт хийхээс гадна Өвөрхангай, Архангай аймгийн мандатуудыг давхар дугуйлна. Сонгуульд 5-7 нам, эвсэл орно гэвэл Баянхонгор аймгийн сонгогч иргэн Б нийт 40-53 нэр дэвшигчид дундаас 8-ыг сонгоно. Нэр дэвшигчдийн нэр олон. Энэ хэрээрээ саналын хуудас том байна. Мажоритар болон пропорциональ гэсэн хоёр тэмдэглэгээ хийнэ. Мажоритар тал дээр 78 мандат дээр тэмдэглэгээ хийнэ. Пропорциональ тал дээр нэг намыг дугуйлах тэмдэглэгээ хийнэ. Ингэж тооцвол, сонгуулийн саналын хуудас A4 хэмжээг 2-4 дахин нийлүүлсэн шиг том болох юм.
Одоогоор Тайланд улс хамгийн том саналын хуудастайгаараа дэлхийг тэргүүлж байна. Тайландчууд 2015 онд нэг метр гаруйн урттай саналын хуудаст жагсаан бичсэн нэр дэвшигчид, улс төрийн намыг сонгон дугуйлж, Үндсэн хуульдаа заасан сонгох эрхээ эдэлж байжээ. Мэдээж, хэмжээгээ дагаад саналын хуудас урагдах, элэгдэх, тоологдохгүй байх эрсдэл өндөртэй байсан. Мөн Тайланд улсын Сонгуулийн комисс сонгогчдын саналыг тоолоход 70 гаруй цагийг зарцуулж байжээ.