Сонгуульд горилогчид цагаан сарыг өргөжүүлэв үү?
Одоогоос бараг дөрвөн жилийн өмнө, УИХ-ын 2020 оны сонгуулийн дараахан долдугаар сарын 3-ны өдөр, У.Хүрэлсүх дахин Ерөнхий сайд болж Засгийн газрыг нь бүрдүүлэх чуулган болж байв. Тэгэхэд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нэг “ёгт” хэлж байсан юм. Тэрбээр “...Манайханд нэг зовлон байдаг юм. Ялангуая манай ах нар. Сайдын сураг гарахаар л гүйчихнэ. Хурдтай шүү дээ. Ордны коридороор. Өнгөрсөн жил яг тийм юм болж байсан. Ах нь одоо сүүлийн удаа шүү дээ, өөр шаанс байхгүй, ах нарыгаа дэмжчих. “...Намынхаа эв нэгдэл, эв хавыг бариад, төрийнхөө ажлыг сайхан явуулна аа” л гэнэ. Тэгээд манай энэ ахмадууд яадаг вэ гэхээр манай нам ажин түжин, эв нэгдэл хагарлаа, цуурлаа, тэр сайд дээрээ тогтохгүй, дахиад нэг даргын суудал гарвал дахиад л хурдаа авчихна шүү дээ. Гуравдугаар, дөрөвдүгээр араандаа хийгээд л төрийн ордны коридороор давхичихна. Аягүй бол УИХ-ын даргын суудлын сураг гарвал араандаа хийгээд давхичихна. Ерөнхий сайдын араанд хийгээд ч давхиж байж магадгүй шүү. Иймэрхүү буруу жишгийг ах нар маань үзүүлээд байгаа юм аа. Намын эв нэгдэл, төрийн ноён нуруу, туршлага, жудаг, зарчим юмаа мартчихна шүү дээ. Өнгөрсөн жил надтай ирж уулзаад сайд болъё гээд явж байсан гурван ахынхаа жишгийг л ярьж байна” гэж байв. Тэр үед “ах нар” нь сайдад яригдаж байв. Гэхдээ нөгөөдүүл нь ингэж хэлүүлсэн ч гүрийж байгаад л сайд болсон байдаг. Тэгвэл энэ жил Ж.Мөнхбатын тэр үг дахиад л үйлдэл болоод үргэлжлэх дэг. Гэхдээ зөвхөн МАН-ынх биш, АН, бусад жижиг намаар нэг тарсан “ах нар” 2024 оны УИХ-ын сонгуульд тоосоо өргөчих хүсэлтэй байх шиг байна. Уг нь өнгөрсөн жил тойрог томсож, гишүүдийн тоо нэмэгдсэн. Тэгээд бас улс төрийн намууд одоогоор нэр дэвшигчдээ тодруулаагүй байна. Гэвч тэд өөрсдийгөө сойгоод эхэлжээ. Дээрээс нь одоо УИХ-д байгаа гишүүд, сайд нар, бас бизнесмэнүүд, уяачид гээд УИХ-ын 126 гишүүний нэг болчих санаатай хүмүүс олон байна. Эдгээр горилогчид энэ луу жилийн цагаан сарыг өргөн дэлгэр болгоход ихээхэн хувь нэмрээ орууллаа. “Бүс”-ээсээ дэмжлэг авчихна гэж найдсан горилогчид онилсон тойргийнхоо аймгуудын заримд өөрөө, үлдсэнд нь төлөөний хүнээ илгээж золгуут хийж, шинэлэв. Нэр дурдаад яахав, дээр хэлсэн “ангилал”-ынхан даяараа л ингэж сар шинийг өнгөрөөлөө.
Ер нь бол энэ жилийн цагаан сараар цас зуд, цагийн байдал таатай байгаагүй ч лав 2019 оноос хойш байгаагүйгээр өргөн дэлгэр боллоо. Энэ нь дээр хэлсэнчлэн том тойргоос гадна, эдийн засаг өссөн, “эерэг тоо”-нууд нэмэгдсэнтэй ч холбоотой байж мэдэх юм. Учир нь “...Туулай жилд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувиар өсөж, ДНБ 63.3 их наядад хүрч, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5 220 ам.долларт, валютын албан нөөц 4.7 тэрбум ам.долларт хүрсэн” гэсэн албан ёсны мэдээлэл бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД