Д.Уужимсанаа: Уул уурхайн мэргэжлийн хүн шинжээчээр ажилласан бол эдийн засгийн үр ашгийг тооцож, гэрээтэй нь ч танилцах байсан

Нийтэлсэн: Админ 2024-02-07 11:20:22

“Нүүрсний сонсгол”-оос улбаатай үүсээд буй шуугиантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уул уурхай, технологийн газрын даргаар ажиллаж байсан Монгол Улсын мэргэшсэн инженер Д.Уужимсанаатай ярилцлаа.


-Нүүрсний сонсгол болон Хууль зүйн сайдын ТВ-д өгсөн ярилцлагад таны нэр нэлээн тод сонсогдлоо. Яригдаад байгаа Бортээгийн ордын талаар ярилцлагаа эхэлье?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК бол Цанхийн баруун, Цанхийн зүүн, Ончхараат, Оорцог, Бортолгой, Бортээг гэсэн зургаан лицензийн талбайтай. Одоо Баруун, Зүүн цанхийн уурхайн лицензийн талбайгаас нүүрс олборлож байна. Бортээгийн ордын нийт нөөц А+B+C зэрэглэлээр 1.6 тэрбум тонн, таамаг нөөц нь нэмэгдээд 2.5 тэрбум тонн. Одоо олборлолт явуулах гээд хэл ам гараад буй “МV-011956” тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарах ашиглалтын нөөц буюу эдийн засгийн үр ашигтай нөөц нь 424 сая тонн. ТЭЗҮ-ийн хүчин чадлаар жилд 15 сая тонн нүүрс олборлож, 30 жил үйл ажиллагаа явуулах төсөл юм. Тавантолгой ордын нөөцийн тайланг 2018 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн инженер, зөвлөхүүд боловсруулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. 2020 онд Бортээгийн ордыг ашиглах ТЭЗҮ-г мэргэжлийн компаниар хийлгэж, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэж өгсөн. 2020 ондоо Бортээгийн гэрээт олборлогчийн зардал болох гурван жилийн төсвийг 715.9 тэрбум төгрөгийг компанийн ТУЗ-д танилцуулж батлуулсан байдаг.

-Бортээгийн эдийн засгийн үр ашигтай нөөц нь 424 сая тонн юм байна. Харин сонсгол дээр 404 их наяд гэсэн үнэлгээ сонсогдож байсан. Энэ тоо хаанаас гараад ирэв?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны нэрлэсэн үнэ 14 их наяд. Энэ бол УИХ-ын 2010, 2011 оны тогтоол, 2012 оны Засгийн газрын тогтоолоор батлагдсан үнэлгээ. Гэтэл сонсголоор 404 их наядын үнэлгээтэй ордыг ганцхан компанид тэр чигээр нь өгчихлөө гэсэн. Энэ чинь бүр бүх ордынхоо нийт үнэлгээнээс хэд дахин давсан тоо болчихсон.

Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажил гүйцэтгэх тендерийн төсвийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ 715 тэрбумаар баталчихсныг түрүү нь хоёулаа ярьсан. “Эрдэнэс Тавантолгой”-н ордын үнэлгээг бодож ядаад байх юмгүй л дээ. Анх компанийн хувьцааны 18.4 орчим хувийг 2.5 сая иргэн тус бүрд 1072 хувьцаа олгоод, нэг сая төгрөгөөр үнэлээд өгсөн.

Нийт ард түмэнд 2.5 их наядын хувьцаа байна гэсэн үг. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт үнэлгээ нь багцаагаар 14 их наяд орчим юм байна.

Харин сонсгол дээр шинжээчид ордын нөөц нь таамаг нөөцтэйгөө нийлээд 2.5 тэрбум тонн. Үүнийг өнөөдрийн биржийн үнээр тооцож үржүүлээд, олборлолтын зардлыг хасаад гарсан тоо нь 404 их наяд гэж тайлбарласан. Дэндүү мэргэжлийн чиг баримжаагүй, ор үндэсгүй таамагийг сонсгол дээр гаргаж ирсэн.

-Би нэг нийтлэлээс олж уншсан санагдаж байна. Энэ үнэлгээний хороонд нь сайдын хамаарал бүхий хүн буюу дүү нь байж гэх мэдээлэл байсан. Үнэлгээний хороо анхнаасаа хэрхэн байгуулагдаж, хэдэн удаа тендер зарласныг тодорхой ярьж өгөөч?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК дотор бүтэц орон тоотой, тусдаа бие даасан “Бортээгийн төслийн нэгж” байсан. Тухайн нэгжээс анх ажлын даалгавар боловсруулж Худалдан авалтын газарт хүргүүлсэн юм байна лээ. Тэгээд анх “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар 2021 оны гуравдугаар сарын 5-нд байгуулагдсан. Би ямар дүү нь байсныг мэдэхгүй. Анхны Үнэлгээний хорооноос гаргасан тендерийн баримт бичгийг засч, сайжруулах чиглэл гарч, тендерийн цахим системээс татаж авсан гэж сонссон. Тус Үнэлгээний хороо хоёр дахь удаагаа тендер зарлахад материал ирүүлсэн хоёр компанийн нэгийнх нь иж бүрдэл дутуу, нөгөөх нь төсөвт өртөгийн таван хувиас илүү хэтэрсэн үнийн санал ирүүлсэн юм байна билээ.

Үнэлгээний хорооноос “Бортээгийн төслийн нэгж”-д зөвлөмж өгсөн байсан. Худалдан авалтын тухай хуулийн 30.4.1-т заасны дагуу “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж, нээлттэй тендер шалгаруулалт явуулах” гэсэн заалтын дагуу тендерийг дахин зарлахыг зөвлөсөн. Энэ хугацаанд “Бортээгийн төслийн нэгж” татан буугдсан. Бид энэ Бортээгийн төслийн гэрээт гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт уварч, цуварч баг болж, улс орныхоо төлөө шударга ажилласан. Тухайн үеийн компанийн нөхцөл байдал, энэ ордын эрсдэлтэй талыг гарын хуруу шигээ сайн мэддэг хүмүүс тендерийн баримт бичиг боловсруулсан, үнэлсэн. Хариуцлагатайгаар хэлэхэд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авалтын ажиллагаа хэн нэгэн дарга цэргийн заавар, зааварчилгаагаар явж байгаагүй.

-Бортээгийн ордын төслийг урагшлуулах гол шалтгаан юу байсан юм бэ?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК ганцхан Гашуунсухайтын авто замаар нүүрсний тээвэр хийж, экспортолдог байсан. Ачаа нэвтрүүлэх хүчин чадал нь ердөө 20 гаруй сая тонн. Одоо бол Баруун, Зүүн цанхийн ТЭЗҮ-ийн бүрэн хүчин чадал нь 35 сая тонн. Боомт дэд бүтцийн ачаа нэвтрүүлэх хүчин чадал 70 сая тонн хүрсэн.

Энэ хүчин чадалд хүрч ажиллахын тулд “Эрдэнэс Тавантолгой” ХК байгаа бэлэн төслүүдээ цаг алдахгүй урагшлуулах ёстой болсон. Ийм шаардлагаар урагшилсан төслийн нэг нь л Бортээгийн төсөл. Бортээгийн төсөл бол Тавантолгойн ордын насжилтыг уртасгах, сул коксжих нүүрсээ гадаад зах зээлд гаргах боломжийг олгох, компанийн эдийн засгийг сайжруулж, экспортын төрлийг нэмэгдүүлэх төсөл. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК ил аргаар олборлох боломжгүй нөөцийг авч ашиглах 10 сая тонн хүчин чадалтай далд уурхайн төсөл хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байсан. Баригдаж байгаа нүүрсний экспортын автозам, төмөр замын төслийн өртгийг нүүрсээ олборлож, дээгүүр нь тээвэрлэж байж л нөхнө. Тэгэхээр ерөнхийдөө энд чиглэсэн төсөл байсан гэж ойлгож болно.

-Яагаад тендерийг хуурай баяжуулах үйлдвэртэй байхаар зарласан юм бэ?

-УИХ-ын гишүүд бол Бортээгийн ордыг түшиглэн Баяжуулах үйлдвэр бариулах тендер зарласан гэж ойлгосон, тэрийгээ сонсгол дээр асууж байна лээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс баталсан төсөвт Баяжуулах үйлдвэр бариулах хөрөнгө огт тусгагдаагүй. Уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажил гүйцэтгэх төсвийг л баталсан. Тендерийг зөвхөн энэ хүрээнд л зарласан. Бортээгийн орд чулууны үе ихтэй, бохирдолтой нүүрстэй. Таван толгой бүлэг орд бол өөрөө усны нөөцгүй. Усгүй говийн нүүрсийг усаар баяжуулахад хязгаарлагдмал нөөцтэй учраас л хуурай баяжуулах үйлдвэрийг Бортээгийн төсөл дээр барихаар ТЭЗҮ-д тусгасан. Өнөөдөр "Энержи ресурс" компанийн Ухаа худагийн уурхай л нүүрс баяжуулж байна. Энэ компанийн баяжуулалтын гарц нь 50-60 хувьтай байдаг юм билээ. Энэ компани бол ус ашиглаж нүүрс баяжуулж байгаа. Харин бид тендерийн материалд хуурай баяжуулах үйлдвэрийн баяжмалын гарцыг 50 хувиас дээш байх гэж зааж өгсөн. Ингэснээр өндөр технологи нэвтрүүлэхийг зорьсон.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ хуурай баяжуулах үйлдвэрээ өөрсдөө барьж болоогүй юм уу. Яагаад тендерт оролцсон компаниудад уулын ажлаас гадна “нүүрс баяжуул” гэсэн үүрэг өгсөн юм бэ?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК хэд хэдэн мега төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байсан. Нэгдүгээрт, өөрсдөө үйлдвэрээ барья гэхээр компанийн эдийн засаг хүнд байсан. Хоёрдугаарт, төрийн өмчит буюу ард түмний өмчтэй уурхайд эрсдэлтэй шийдвэр гаргах эрх хэнд ч байхгүй. Ийм үйлдвэр барихын тулд судалгаа хийж боломжтой гэж үзвэл дээж явуулна. ТЭЗҮ боловсруулна, төсөв баталуулна, тендер зарлана, тэр нь нэгээс хоёр жил болно. Үйлдвэр барихад хоёроос гурван жил зарцуулна. Хамгийн хурдандаа гурваас таван жилийн дараа үйлдвэртэй болно. Ингэж байхаар баяжуулах үйлдвэрээ өндөр технологи ашиглах чадвартай хувийн хэвшлээр бариулаад, “Эрдэнэс Тавантолгой” ХК зөвхөн баяжуулах нүүрсний тонн тутамд төлбөрөө өгөөд явах нь зөв гэж харсан. Үүнийг компанийн ТУЗ ч дэмжиж, тухайн төсвийг баталж өгсөн юм. Хэрвээ өндөр технологи ашигласан хувийн компанийн баяжуулах үйлдвэрийн баяжмалын гарц нь өндөр, илүү нарийн ширхэгтэй нүүрс баяжуулж чадаж байвал, зах зээл, эдийн засгийн үзүүлэлт сайн байх юм бол “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ үйлдвэрийн алдаа, оноог шингээсэн ижил төстэй баяжуулах үйлдвэрийг дахин барьж болох юм байна гэж төлөвлөж байсан. Үндсэндээ төрөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр, хувийн хэвшлийн өндөр технологийн ноу-хауг уурхайд нэвтрүүлээд, бүх төрлийн чанартай нүүрс баяжуулж, туршилт хийж, брэнд нүүрс бий болгох боломжтой юм байна гэж харсан.

-Шинжээчид Бортээгийн ордын тендерийн Үнэлгээний хороог тендерийн баримт бичигт “олборлосон, баяжуулсан нүүрс болон завсрын бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаар борлуулах, төлбөрийг нүүрсээр тооцож хийх” гэх мэт заалт оруулсан. Үүгээрээ МТАС түншлэлд давуу эрх олгосон гэж үзсэн.

-Шинжээчид Худалдан авалтын газарт илгээсэн дотоод албан бичгийг ноцтой, ноотой гэж үзээд Түр хорооныхонд танилцуулсан юм байна лээ. Үнэн хэрэгтээ Уул уурхай, технологийн газраас Худалдан авалтын газар руу хоёр албан бичиг явсан. Нэг нь, яригдаад байгаа өнөөх албан бичиг. Нөгөө нь, компанийн бизнес төлөвлөгөөний дагуу нүүрс олборлолтын хуваарьт өөрчлөлт оруулах албан бичиг байсан.

Энэ хоёр албан бичгийн дагуу Үнэлгээний хороо хуралдаж хамтын шийдвэр гаргасан. Шинжээчдийн ярьсан шиг хэн нэгэнд давуу байдал олгох утга агуулга тэнд огт байхгүй. Шинжээчид бол тендер зарласнаас хойш засвар оруулсан гэж яриад байгаа юм. Тендерийн тухай хуульд Үнэлгээний хороонд хуульд заасан хугацаанд тендерийн баримт бичигт засвар оруулж болохыг хуульчилж өгсөн байдаг юм. Энэ дагуу л орсон засвар. Гэхдээ энэ засвар нь шалгарсан компанид давуу байдал олгох биш харин ч бүр эсрэгээрээ ашиггүй байсан юм шүү дээ. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тэр үеийн нөхцөл байдалд бол маш их ашигтай, эрсдэлгүй өөрчлөлт байсан. Шинжээчид бол тендерийн баримт бичигт ажлын төлбөрийг нүүрсээр төлнө гэж тусгасан байна. Энэ чинь МТАС-д давуу тал олгосон нөхцөл болчихлоо гэж буруутгасан. Гэвч тендерт шалгарсан түншлэл гэрээ байгуулахдаа төлбөрийг нүүрсээр авахгүй ээ, төгрөгөөр авна аа гэсэн. Ингээд гэрээнд төлбөрийг төгрөгөөр өгөхөөр тусгасан. Хэрвээ төлбөрөө нүүрсээр өгөх нь түншлэлд ашигтай, давуу талтай байсан юм бол МТАС төлбөрөө нүүрсээр авах гэрээ хийх байсан биз дээ. Төгрөгөөр авна аа гэж эсэргүүцээд, гэрээндээ төгрөгөөр гүйлгээ хийхээр тусгуулж байгааг хар л даа. Энэ нь харин ч түншлэлд эрсдэлтэй байсан учраас манай саналыг зөвшөөрөөгүй юм.

-Мөн МТАС-д борлуулалтын үүргийг хариуцуулсан асуудлаар буруутгаж байгаа?

-Үнэндээ бол Бортээгийн уурхайгаас олборлосон сул коксжих, эрчим хүчний нүүрс, мөн хуурай баяжуулах үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн болох завсрын бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаар борлуулах үүргийг түншлэлд өгсөн нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д л ашигтай байсан. Яагаад гэвэл, манай компани тухайн үед сул коксжих болон эрчим хүчний нүүрсээ зах зээлд борлуулж чаддаггүй байсан. Зах зээлийн үнэ 30 ам.доллар ч хүрдэггүй, тээврийн зардал өндөр учраас худалдан авагч олддоггүй байсан. Бортээгийн уурхайд хөрс хуулалт хийгдэж, олборлолт явагдаж, нүүрс гаргаад ирлээ гэж бодъё. “Эрдэнэс Тавантолгой“ ХК ажлын хөлсөө өдөр бүр тооцоод төлөөд л яваад байдаг. Гэвч олборлосон нүүрсээ борлуулж чадахгүй бол яах билээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК олон тэрбумын алдагдалд орно биз дээ.

Үүнийг компанийн ТУЗ-ийн гишүүд анх төсөв баталж байхдаа анхааруулж байсан. Энэ алдагдлыг хаахын тулд л МТАС-д борлуулах эрхийг давхар өгсөн. МТАС үйлдвэр байгуулж, техник худалдан авалт, хөрөнгө оруулалт хийгээд энэ төсөл эхэллээ гэж бодъё. Хэрвээ зах зээл нь муу, нүүрс борлогдохгүй цаг үе тохиовол уулын ажлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК зогсоохоос өөр аргагүйд хүрнэ. Ийм тохиолдолд түншлэл сул зогсолтын төлбөр шаардах эрх үүсч таарна аа даа. Ийм эрсдэл үүссэн үед “Нүүрсээ бид ч борлуулж чадахгүй байна, та нар ч борлуулах үүрэгтэй байсан, хэрэгжүүлж чадсангүй. Энэ төслийг зах зээл сайжиртал зогсооно. Энэ хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК сул зогсолтын төлбөр төлөхгүй. Хийсэн ажлын нь төлбөрийг тухайн төрлийн нүүрсний зах зээлийн ханшаар үл маргах журмаар төлбөртөө тооцож авна” гэдэг зохицуулалтыг, санааг Нүүрсний сонсгол дээр яригдсан тендерийн баримт бичгийн өөрчлөлтөд тусгасан байсан юм.

Тендерийн баримт бичгийн тусгай нөхцөл болон ерөнхий нөхцөлд зааж өгөөгүй зүйл заалтыг өөрт ашиггүй бол тендерт шалгарсан компани гэрээндээ оруулахаас татгалздаг. Ийм эрхтэй. Тийм учраас л тендерт шалгарагчдад ашиггүй заалт л яригдаад байсныг албан бичгийн өөрчлөлтөд тусгаж өгсөн юм. Үүнийг шинжээчид олж хараагүй байгаагаас үзвэл тэд гэрээтэй танилцаагүй нь тодорхой байна лээ. Уул уурхайн мэргэжлийн хүн шинжээчээр ажилласан бол эдийн засгийн үр ашгийг тооцож, гэрээтэй нь ч танилцах байсан.

-Бортээгийн уурхайн ажил гүйцэтгэх гэрээгээр бол ажил гүйцэтгэгч нь юуны өмнө цахилгаан татах юм байна. Өндөр хүчдэлийн шугам, дэд станц байгуулах, гаалийн талбай барих, жилд таван сая тонн нүүрс баяжуулах, өндөр технологи бүхий үйлдвэр барина гэхчлэн заажээ. Яагаад заавал баяжмалын гарц өндөр технологи гэж онцолсон юм бэ?

-ТУЗ-ийн баталсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бизнес төлөвлөгөөнд “Баяжуулалтаас гарах завсрын бүтээгдэхүүнийг борлуулах” асуудал тусгагдсан байдаг. Завсрын бүтээгдэхүүн гэдгийг баяжуулагдаж чадаагүй, бохирдол өндөртэй нүүрс гээд ойлгочих хэрэгтэй. Тиймээс л завсрын бүтээгдэхүүнийг борлуулах үүрэг авсан хүмүүс, компани, хамтралууд баяжмалын гарц өндөртэй, завсрын бүтээгдэхүүн бага байлгах үйлдвэр барих шаардлага гарч таарна. Завсрын бүтээгдэхүүнийг борлуулах үүрэг өгснөөрөө шинжээчдийн хэлээд байгаагаар давуу байдал олгох биш үйлдвэрийн технологи өндөр байхыг давхар шаардсан шаардлага гэж ойлгож болно.

Нүүрсний гаалийн хяналтын талбай, хүнд даацын машин орж гарах жин хэмжих пүү, гаалийнхан суух байр сав, засварын төв, ажилтны кемп, эрчим хүч цахилгаан, камерын хяналт, тоосжилт бага үүсгэдэг шинэ технологийн зам гээд дэд бүтцийн бүхий л ажлыг төсөвтөө багтааж хийнэ. Өрөмдлөг тэсэлгээ, хөрс хуулалт, нүүрс олборлолтын уулын ажил, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зааж төлөвлөсөн нүүрсийг баяжуулна гэх мэт цогц ажлын нийт төлбөр нь 1м3 уулын цул олборлолтод 12 мянган төгрөг байх тендер зарлагдаж, МТАС түншлэл ялсан. Ийм дүнгээр гэрээнд заасан тэр бүх ажлыг хийлгэхээр байгаа нь харин ч бидний амжилт. Гэрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цахим сайтад бий.

Тодорхой ярих юм бол баруун, зүүн Цанхийн уурхайн зөвхөн хөрс хуулалт, нүүрс олборлолтын 1м3 уулын цулын өртөг нь 12 мянган төгрөгөөс дээш үнэтэй. Өрөмдлөг, тэсэлгээ нь тусдаа үнэтэй, 1м3 нь 1500 орчим төгрөг байдаг. Одоогоор манай “Эрдэнэс Тавантолгой” ХК олборлосон нүүрсээ баяжуулахгүй, түүхийгээр нь борлуулж байгаа. Эндээс Бортээгийн төслийн гэрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ашигтайгаар хийгдсэн болохыг харж болох байх.

-Та сонсгол дээр “Шалгуулаад явахаар бид их ажил хийж байсан байна аа...” гэж хэлээд загнуулаад байсан. Ер нь, томоохон ажлуудынхаа талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Миний төлөвлөж, судалгаа шинжилгээг нь хийсэн олон ажил өнөөдөр “ЭТТ” ХК дээр бодитоор хэрэгжиж байна. Улсад хэдэн зуун тэрбумаар үнэлэгдэх бодит ашиг өгсөн судалгаануудыг мөр зэрэгцэн ажилласан инженерүүдээ удирдан зохион байгуулж хийсэн. Би “Эрдэнэс Тавантолгой” ХК-д байнга тендер үнэлээд суугаад байсан хүн ч биш. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины тэтгэлгээр Санкт-Петербургийн Горный Университетийг Уул уурхайн инженер мэргэжлээр, шинжлэх ухааны магистраар төгссөн. Одоо докторант. Миний төгссөн сургууль уул уурхайн чиглэлдээ дэлхийд гуравт эрэмбэлэгддэг. Дэлхийн нэр хүндтэй сургууль төгссөн хүний хувьд судалгаа шинжилгээний ажлыг илүү чухалд тавьж, аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандаж ажиллаж явсан.

-Сүүлийн өдрүүдэд МАН-ын төв аппаратын үе үеийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлийнхэн цагаан байшингаас тендер зохион байгуулсан гэх ярианд эхнэрийг тань холбох боллоо. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Миний эхнэр 2012 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялагдсаны дараа, намын хамгийн хүнд үед Удирдах зөвлөлийн Ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар ажилласан. Дараа нь энэ ажлыг олон л хүн хийсэн байдаг. Зөвхөн өнөөдөр холбогдоод байгаа хүмүүс биш харин ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай нэг баг болж ажилласан юм байна лээ, тэр үед. Үндсэн мэргэжил нь сэтгүүлч л дээ. Хожим нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Сөүлд суралцаж, тэнд хэдэн ч жил амьдарсан хүн. Энэ бүхний дараа бид хоёр танилцаж, гэр бүл болж, амьдрал бүтээсэн.

Миний хань МАН үнэмлэхүй ялсан хоёр сонгуулийн хугацаанд Бага хурлын гишүүний сонгуультай төдий л явсан. Үнэхээр намын удирдлагатай ойр дотно хүн бол улс төрийн өндөр дэмжлэг авах л байлгүй дээ. Мэргэжлийн салбараараа, эрхэлж байсан ажил, албан тушаалаараа, гэр бүлээрээ дахин дахин яригдаад, гүтгэгдээд байвал шүүхэд хандана гэж бодож байгаа. Нэр төрөө сэргээлгэнэ.

 

Эх сурвалж: Өдрийн сонин