МИАТ-д 15 жил монополчилсон “Нүхт Тур” ХХК-ийнхан зууралдсаар буйн учир юу вэ?
Засгийн газраас тавьсан Монголд зочлох жил буюу “Go Mongolia” зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд гадаадын зочидтой нүүр тулах байгууллага бол үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК. Төр засгаас тавьж буй зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд тус компанийнхан тийзийнхээ үнийг хямдруулж, гадаадаас агаарын шинэ хөлөг авах, үйлчлүүлэгчдэдээ чанартай, аюулгүй хоол, хүнсээр үйлчлэх зэргээр үйл ажиллагаандаа шинэчлэл хийсээр байгаа юм. Гэвч төрийн өмчит тус компанид олон жил “бугшсан” шимэгчлэгчид элдэв саад тотгор учруулсаар иржээ. Үүний хамгийн тод жишээ нь “Нүхт тур” гэх нэртэй, агаарын хөлгийн зорчигчдод олгодог хоолыг нийлүүлж байсан аж ахуйн нэгжийнхний явуулга, хатгаасаар өрнөж байгаа үйл явдлууд гэхэд хилсдэхгүй. Үүнийг дэлгэрүүлэн хүргэе.
ИРГЭД, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ГОМДЛЫГ ҮЛ ОЙШООГЧ КОМПАНИД ХАРИУЦЛАГА ТООЦСОНГҮЙ
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт агаарын тээврийн салбарыг либералчлахаар тусгасан. Энэ салбарт либералчлал хийж өрсөлдөөн бий болгох зорилтын хүрээнд катеринг буюу агаарын хөлөгт хоолоор үйлчлэх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарласан нь өдгөө хэл ам, хэрүүл тэмцэл, зарга заалхай үүсгээд буй юм. Төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс МИАТ ТӨХК-ийнхан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийг баримтлан тендер зарлаж, сонгон шалгаруулалт зарласан нь үүний үүдэл болжээ. МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгөөр үйлчлүүлэгчид хоолных нь талаар байнга шахам гомдол гаргадаг. Тус компанид хоол нийлүүлэгч “Нүхт тур” ХХК-ийн гэхээсээ илүүтэй МИАТ-ийн хоол гэж үйлчлүүлэгчид шүүмжилдэг шүү дээ. Тухайлбал, хэдэн жилийн өмнө МИАТ-ийн онгоцоор зорчсон, өнөөгийн МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, түүний эхнэр МАК-ын ерөнхийлөгч Н.Цэлмүүн нар цахим хуудсаараа тус компанийн агаарын хөлгийн нислэгийн явцад өгч буй хоол муу, мах нь өмхий үнэртэй хэмээн шүүмжилж байсныг зарим хүн тод санаж байгаа нь лавтай. Тухайн үед л “Нүхт тур” ХХК-тай холбоотой гомдол, саналыг эл компанийн захирал агсан Д.Хоржав, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат тэргүүтэй хүмүүст МИАТ ТӨХК-ийн удирдлага хүргүүлж. Тэр албан бичигт “Хамтран ажилласан гэрээний хугацаанд 60 гаруй гомдлоос зорчигчийн халуун хоол болон бусад хүнсний бүтээгдэхүүнээс амьд хорхой, хумс, шавж, үс, шил, шруп, яс илэрсэн төдийгүй хоолны амт, чанарын талаар шаардлага тавьж, шүүмжлэл гарсаар байна” хэмээж байсан гэнэ.
Тодруулбал, “Нүхт тур” ХХК-ийн катерингтай холбоотой 2013-2017 оны хоорондох гомдлыг жил жилээр нь жагсаахад 2013 онд 26, 2014 онд 18, 2015 онд тав, 2016 онд 72, 2017 он гарсаар хоёр иргэн МИАТ ХК-д хандаж байжээ. Түүнээс хойш ч маш олон гомдол гарсны нэг нь дээр дурдсан Б.Баттүшиг, Н.Цэлмүүн нарынх. 2017-2023 он хүртэлх хугацаанд хоол хүнс буюу катеринг үйлчилгээтэй холбоотой гомдол маш их гарсан ч үйл ажиллагаагаа сайжруулж, алдаа дутагдлаа бараг л засаагүй аж. 2023 оны нэгдүгээр сард л гэхэд “Нүхт тур” ХХК-ийнхны нийлүүлсэн хоолноос хүний үс, цаасан салфетик гарсан, шилэн эдлэлээ угаалгүй буцааж ачуулсан, идэж байсан хоолноос нь гялгар уут гарч, үйлчлүүлэгчийн хоолойд тээглэсэн. Мөн оны хоёрдугаар сард нь нэгэн зорчигч үхрийн махтай хоол захиалахад ямар ч махгүй хоол нийлүүлсэн, дөрөвдүгээр сард бизнес зэрэглэлээр зорчиж байсан хүний хоолноос үс, хялгас гарсан, энгийн ангилалд үйлчлүүлсэн иргэний хоолноос гялгар уут гарсан, наймдугаар сард хүүхдэд муудсан төмстэй хоол өгсөн, Истанбул чиглэлийн гурван зорчигчийн хоолноос үс гарсан, ес, аравдугаар сард тусгай хоолны агуулга зөрсөн, үхрийн махтай хоол захиалж идсэн иргэний бие эвгүйрхэж хоёр хоног гүйлгэж, бөөлжсөн гэх мэтээр маш олон гомдол гаргасаар л байж.
Гэвч “Нүхт тур” ХХК-ийнхан хэрэглэгч, үйлчлүүлэгчдээс гаргаж буй гомдлуудыг үл ойшоосоор байдаг аж. Түүгээр ч зогсохгүй МИАТ-ийнхэн 2017 онд тус компанийн хоол хийж буй явцтай танилцахаар орох гэхэд нэвтрүүлэхгүй, ЗТХЯ-наас албан тушаалтан ирсний дараа уулзаж ярилцсанаас биш үйл ажиллагаатайгаа танилцуулаагүй гэдэг. Энэ мэтээр арга саам хийж, холбогдох байгууллагаас ч шалгаж, хариуцлага тооцож чаддаггүй нь “Нүхт тур” ХХК-ийн ард нэр нөлөө бүхий хүмүүс байдагтай холбоотой гэж иргэний нисэхийн салбарынхан шивэр авир гэлцдэг юм.
Уг нь бол МИАТ ТӨХК-ийн тоног төхөөрөмж, эд хогшлыг ашиглаж, тус компанийн хашаан доторх өмчийнх нь байранд үйл ажиллагаа явуулж байхдаа ийн авирлаж байсан нь хачирхалтай. Энэ бол Буянт-Ухаад олон улсын нисэх буудал байрлаж байсан үеийн үйл явдлууд. Өдгөө Хөшигийн хөндийд катеринг үйлчилгээний барилгын нэг хэсгийг нь мөнөөх “Нүхт тур”-ынхан эзэмшиж, нөгөө хэсгийг нь катерингийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд түрээслээд буй.
ТЕНДЕРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛБАЛ “НҮХТ ТУР”-ЫНХАНД АШИГТАЙ
МИАТ-ийн удирдлага агаарын тээврийн салбарыг либералчлах Засгийн газрын бодлогын хүрээнд өрсөлдөөн бий болгох зорилгоор катеринг буюу агаарын хөлөгт хоолоор үйлчлэх аж ахуйн нэгжүүдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу зарласан энэ сонгон шалгаруулалтад “Нүхт тур”, “Ред рок”, “Номадс” зэрэг зургаан аж ахуйн нэгж оролцсоноос хамгийн түрүүнд “Нүхт тур” хасагдсан аж. Эх сурвалжуудаас авсан мэдээллээр тус компанийнхан ардаа байдаг нөлөө бүхий эрхмүүддээ найдсан уу, эсвэл өмнө нь МИАТ-тэй байгуулсан гэрээндээ дулдуйдсаных уу, хариуцлагагүй оролцож, холбогдох бичиг баримтаа дутуу бүрдүүлснээс гадна өнгөрсөн онд хоол нийлүүлж байсан тарифаа өсгөсөн бичиг баримт өгсөн гэнэ. Мэдээж энэ нь хуулийн дагуу хасагдах үндэслэл болох нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, нэгийн даваанд өвдөг шороодчихсон гэсэн үг. Ингээд хамгийн сүүлд “Ред рок” гэх компани шалгарч, 2023 оны арванхоёрдугаар сарын 22-нд Агаарын хөлгөөр зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх гэрээг нэг жилийн хугацаатай МИАТ-ийн удирдлагатай байгуулжээ. Ингээд энэ оны нэгдүгээр сарын 22-ноос “Ред рок” хоолоо нийлүүлж эхэлсэн аж. Гэтэл нэгийн даваанд өвдөг шороодсон “Нүхт тур”-ынхан эхлээд Сангийн яам, дараа нь нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, улмаар АТГ-т хандсан байна.
Ингэж элдэв аргаар тендерийг хүчингүй болгуулах оролдлого хийж эхэлсэн бөгөөд “Нүхт тур” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр МИАТ ТӨХК-д дэд захирал хүртэлх албан тушаал хашиж байсан Ш.Гантулга ажиллаж буй юм билээ. 2020 онд “Ковид”-ын цар тахлын үед холбогдох хууль, журмыг зөрчин бусдад давуу байдал олгож, энгийн ангиллын суудлаас бизнес зэрэглэлийнх рүү хүн шилжүүлэн суулгасан үндэслэлээр чөлөөлөгдөж байсан тэрбээр өдгөө зарга мэдүүлэгч “Нүхт тур”-ыг төлөөлж буй нь хачирхалтай. Магадгүй эртнээс тус компанид давуу байдал олгосоор ирсэн байхыг ч үгүйсгэхгүй. Тухайлбал, 2017 онд онгоцонд хоол оруулах зориулалттай тусгай автомашины элэгдлийн хугацаа дуусахад МИАТ-ийн хөрөнгөөр “Нүхт тур” ХХК-д тийм машин ашиглуулахаар авсан зэргээр давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн хардлага ч бий юм. Ийм илт ашиг сонирхлын зөрчилтэй хүн ажиллаж байсан төрийн өмчит компанийнхаа эсрэг шүүхэд гомдол мэдүүлж, төлөөлж яваа.
Уг нь МИАТ болон “Нүхт тур” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ ном журмынхаа дагуу явсан бол 2015 онд дуусах байж. Тодруулбал, 2009 оны долоодугаар сарын 23-нд байгуулсан МИАТ ТӨХК-ийн катерингийн төвийн удирдах ажиллагааг гүйцэтгэх удирдлагын гэрээнд хугацааг хоёр жилээр байгуулж, мөн хугацаагаар хоёр удаа сунгаж болно гэж тусгасан юм билээ. Гэвч эрх мэдэлтнүүд нөлөөлөн сунгаж, “Нүхт тур”-т давуу байдал олгосоор 15 жилийг үджээ. Тухайлбал, 2015 оны долоодугаар сарын 23-нд АСЕМ-ын чуулга уулзалттай холбоотойгоор тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗТХЯ-наас үүрэг болгосноор “Нүхт тур” ХХК-тай байгуулсан гэрээг сунгасан байна. 2019 онд ЗТХЯ-ны эрх бүхий албан тушаалтны албан тоотыг үндэслэн сунгасан, 2020 онд цар тахлаас шалтгаалж тендер зарлаагүй зэргээс шалтгаалж “Нүхт тур” компанитай байгуулсан гэрээг “хүчээр” сунгасаар байсан юм билээ. МИАТ ТӨХК-ийн өнөөгийн удирдлага 2021 онд тендер зарлаж, төлбөрийг төгрөгөөр тооцох арга хэмжээ авсан ч сонгон шалгаруулалт амжилтгүй болсон гэдэг. Гэхдээ ам.доллароор тооцож байсан хоолны төлбөрийг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн төгрөгөөр хийх болжээ. Үүнээс өмнө дандаа ам.доллароор тооцож байсан нь ханш нь өсөхийн хэрээр МИАТ ТӨХК-д алдагдал үүсгэж, “Нүхт тур” ХХК-ийнхан ханшийн зөрүүний ашиг ихээр хүртэж байсан гэхэд хилсдэхгүй.
Энэ мэтээр “сул шахам” ашиг хүртэгч “Нүхт тур” компанийнханд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуульд заасны дагуу МИАТ ТӨХК-ийнхан тендер зарлан өөр аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан нь ам руу нь “үнэгүй” орж байсан “шар тос”-ноос салгах болчихоод буй. Тиймээс элдэв аргаар тендерийг хүчингүй болгуулж чадвал урьдын монопол байдалдаа эргэж очих боломж бий гэнэ. Учир юу гэвэл МИАТ ХК-тай байгуулсан гэрээндээ “Сонгон шалгаруулалт амжилтгүй болсонтой холбоотойгоор нислэгийн үеийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх үүднээс “Нүхт тур” ХХК-ийн катеринг үйлчилгээ авах”-аар тусгасан байдаг аж. Тийм учраас тэд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад, АТГ-т ч гомдол мэдүүлж, ардаа байдаг нөлөө бүхий эрхмүүдийн оролцоотойгоор маш богино хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, өөрсдийн итгэл үнэмшлээрээ тендерийг шалгаруулсан МИАТ ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгүүлчихээд буй юм. Түүгээр ч зогсохгүй АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Э.Оюунболдын гарын үсэгтэй, тендерийг хүчингүй болгох тухай албан бичгийг Сангийн яам, дараа нь МИАТ ТӨХК-ийн удирдлагад хүргүүлсэн аж.
ҮНДЭСНИЙ ТЭЭВЭРЛЭГЧИД “ХАЧИГ, ХУВАЛЗ”-НААСАА САЛАХ ЁСТОЙ
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн удирдлага либералчлах бодлогыг хэрэгжүүлэх үүднээс зоримог үйл ажиллагаа явуулж буй нь нэлээд хэл ам дагуулж байгаа гэхэд хилсдэхгүй. Гэхдээ эдгээр үйл ажиллагаа иргэдэд чиглэсэн, ард түмний төлөө гэж хэлж болно. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий “Содмонгол” ХХК-ийн харьяа “Мэргэван” компани монопол байдлаар шатахуун нийлүүлж байсан билээ. Үүнийг таслан зогсоож “Эрчис ойл” хэмээх төрийн өмчит ХХК-ийг байгуулснаар үйлдвэрийн үнээр онгоцны түлш худалдан авах болсон. Үүнтэй холбоотойгоор “Содмонгол” болон түүний “охин” компанийн зүгээс МИАТ ТӨХК-тай зарга үүсгэн захиргааны шүүхэд маргасаар буй юм билээ.
Гэхдээ МИАТ ингэж монопол байдлыг арилгаж, либералчлах бодлого хэрэгжүүлснээр нислэгийн тийзийн үнийг 10-26 хувиар бууруулсан байна. Энэ тухай МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир өнгөрсөн оны есдүгээр сард мэдээлэл хийхдээ “Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд дотоодын шатахууны импортлогч компаниас ашиг нэмэгдүүлсэн үнээр түлш авдаг байсан бол төрийн өмчит “Эрчис ойл” компаниар дамжуулан “Роснефть” компаниас шууд хямдралтай шатахуун авч эхэлсэн. Шатахууны хэмнэлт хийснээр МИАТ компани үндсэн долоон чиглэлийн нислэгийнхээ тийзийг хямдруулж байна” хэмээж байв.
Шатахууны үнийг хямдруулсан, мөн хоолны төлбөрийг ам.доллароор тооцдог байсныг өөрчилж, төгрөгт шилжүүлснээр МИАТ ашигтай ажиллаж эхэлсэн гэхэд болно. Тус компани “Ковид”-ын жил буюу 2020 онд 52 тэрбум, 2021 онд 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байв. Тэгвэл 2022 оноос дээр дурдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр тухайн оны жилийн эцсийн дүнгээр МИАТ компани 37.9 тэрбум төгрөгийн татварын дараах ашигтай гарсан гэдэг. Харин 2023 онд 60 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, ажилтнуудынхаа цалинг нэмээд зогсохгүй шинэ агаарын хөлөг авах боломж ч бүрдсэн гэсэн.
Тэгэхээр үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийг шимэгчлэн амьдардаг “хачиг, хувалз” болсон аж ахуйн нэгжүүдээсээ салж, либералчлах бодлого явуулж буйн үр ашгийг тус компаниар үйлчлүүлэгч иргэд хүртэх билээ.
Энэ мэт МИАТ ХК-ийн нэр хүндтэй холбоотой олон шалтгаан бий болсон учраас удирдлага нь нээлттэй тендер зарлах шийдвэр гаргаж, катеринг үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахдаа хуулийн дагуу хамгийн хямд үнээр бараа, ажил, үйлчилгээ үзүүлэгчийг сонгосон нь “хачиг, хувалз” болсон компанийнхны эсэргүүцэлтэй тулгарав. Цаашид бид МИАТ ТӨХК-д монополчилсоор ирсэн “Нүхт тур” ХХК-ийн ард байдаг эрх мэдэлтнүүдийн мөнгө угааж байж болзошгүй үйлдлүүдийн талаар сурвалжлан хүргэх болно.
Эх сурвалж: ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ