Автобусны буудал дээрх чиглэл, маршрутын мэдээллүүдийг шинэчилнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 28 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 90.4 хувьтай байв. Тухайлбал, хот, нийтийн аж ахуйн чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлсэнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалтыг дүүргүүд бүрэн хариуцаж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд УБЗАА-наас өнгөрсөн долоо хоногийн хугацаанд тус гурван чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулсан байна.Гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж байсан есөн байгууллагыг дүүргүүдэд шилжүүлжээ. Гэрэлтүүлгийн асалтад шалгалт хийхэд нэгдүгээр сарын 6-10-ны хооронд гэрэлтүүлгийн асалт 98.2 хувьтай байсан бөгөөд 20 орчим гудамж, талбайн 395 гэрэл асахгүй байгаа зөрчил илэрчээ. Өнгөрсөн 11 хоногт дүүргүүд халтиргаа гулгааг арилгах зорилгоор хариуцсан гудамж, талбайдаа нийт 596 тонн давс, 820 тонн бодис, 195 шоо метр хайрга цацсан байна. Түүнчлэн 25 аж ахуйн нэгж, хоёр төрийн бус байгууллага ногоон байгууламжийн арчилгаа буюу бутыг цасаар манах, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх зэрэгт өдөр тутмын хяналт тавьж ажиллаж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/07 дугаар захирамжаар мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Ажлын хэсгийг байгуулснаас хойш нийт 82 албан хаагч 26 тээврийн хэрэгсэлтэйгээр 3942 толгой малыг гаргажээ. Мөн "Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам"-ын төслийг боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулаад байна.
СӨХ-дын хариуцсан орон сууцны хорооллын дундах авто зам, явган хүний зам, гудамж, талбайн цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээ, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын орчны 50 метр хүртэлх зам талбайн цас мөсний цэвэрлэгээнд дүүргүүд тогтмол хяналт тавьж ажиллах үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд 829 СӨХ, 7631 иргэн, 8254 аж ахуйн нэгж, байгууллага, төрийн 221 байгууллага нийтийн эзэмшлийн 486,000 ам метр зам, талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна. Мөн үерийн хамгаалалтын далан сувагт үүссэн халиа тошингийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд таван байршилд 17 ажилтан 14 машин техниктэйгээр, нийт 1464 суваг татаж, 1270 тонн мөсийг зөөн, гүүрэн гарцын доод бөглөрсөн хэсгийг нээлээ.
Насжилтын хугацаа дууссан 403 автобусыг ашиглалтаас хасна
Нийтийн тээврийн 110 чиглэлд 1017 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгааг 74 чиглэлд 1075 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг болгохоор маршрутыг шинээр төлөвлөөд буй. Парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компаниас Улаанбаатар хотод 600 автобус нийлүүлэхээс 135-ыг нь хүлээн аваад байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулан ашиглах боломжтой юм. Мөн 2023 оноор насжилт нь дууссан 403 автобусыг энэ онд ашиглалтаас хасна. Түүнчлэн такси үйлчилгээг сайжруулж, өдөр тутмын үйлчилгээнд явж буй таксины тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Урт цагааны барилгын буулгалтаас гарсан хогийг зөөн тээвэрлэж байна
Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг бүрэн буулгасан. Буулгах ажлыг давхардсан тоогоор 354 ажилтан 149 машин техниктэйгээр гүйцэтгэсэн бөгөөд одоогийн байдлаар буулгалтаас гарсан хогийг зөөн тээвэрлэж байна. Нийт ажлын гүйцэтгэл 87 хувьтай байгаа юм. Чөлөөлсөн талбайд иргэдээс авсан санал асуулгын дүнгийн дагуу ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх хөрөнгийн шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулна
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал,
- Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийтийн болон амины орон сууцны бүсийг тогтоох, шинэчлэн боловсруулах
- Нийслэлийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх хөрөнгийн шинэчилсэн бүртгэлийн зохион байгуулах
- Нийслэлийн иргэдийн эрт илрүүлэг, үзлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх
- Орон нутагт мах худалдан авах явуулын цэг ажиллуулах боломжийг судалж, холбогдох шийдвэрийг гарган арилжааны банкнуудтай хамтран ажиллах талаар судалж танилцуулах
- Хог хаягдлаас үүсэж буй байгаль орчны бохирдол, доройтол нь агаар, хөрс, усны бохирдлыг ихээр үүсгэж байгаатай холбогдуулан Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төлөвлөлт хийх
- Дулаан, эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон технологийн уур үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын уурын зуухнуудын тооцоо судалгааг стандартад нийцүүлэн гаргах ажлыг эрчимжүүлэх
- Нийтийн тээврийн чиглэлийн дахин төлөвлөлттэй холбоотойгоор автобусны буудал дээрх чиглэл, маршрутын мэдээллүүдийг шинэчлэх
- Дүүргүүд хариуцсан зам, талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгааг арилгах, сэргийлэх ажилд УБЗАА-наас тавих хяналтыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС