Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа

Нийтэлсэн: Админ 2023-12-27 15:29:00

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд 2011-2016 оны хооронд ашигласан хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юань буюу 210 сая ам.долларын төлөлтийг хугацаанаас нь өмнө урьдчилан гүйцэтгэж, хэлцлийн 1 шугамын ашиглалтыг хаалаа.  

Дотоодын зах зээлээс худалдаж авсан алтыг цэвэршүүлж, мөнгөжүүлсэн орлогоос юанийн своп хэлцлийн ашиглалтаас хааж эхэлсэн нь Төв банкны хүүгийн зардал болон алдагдлыг бууруулахад  эерэг нөлөө үзүүлж, Олон Улсын Валютын сан болон бусад Олон улсын санхүүгийн байгууллагын зөвлөмжийг хангахад чухал үйл явдал боллоо. 

Энэ онд гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн урсгал данс ашигтай гарч  байгаа нь  своп хэлцлийн 1.5 тэрбум юань, Хөгжлийн банкны Евро бондын 500 сая ам.доллар, Самурай бондын 30 тэрбум иен болон Засгийн газрын бусад гадаад зээлийн төлбөрийг төлөх нөхцөлийг бүрдүүллээ. Эдгээр том дүнтэй төлбөрүүдийг хийснээр ГВАН 4.5 тэрбум ам.доллар буюу импортын 6 сарын хэрэгцээг хангах түвшинд байна. Түүнчлэн эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтийн нөлөөгөөр төгрөгийн ханш ам.долларын эсрэг оны эхнээс 1 хувиар чангараад байна.

2 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх