“Хүч”-ийг нь Х.Баттулга авчихлаа, ард нь АН-д юу болох вэ?!
Уг нь АН-ын дарга Лу.Гантөмөр нэлээд хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүдийн “Нэг Монгол”-той Д.Бадарсан дээр тохирсон гэдэг. Гэвч тэр нь хэрэгжсэнгүй. “Нэг Монгол” нь хулхидсан уу, Лу.Гантөмөр хуурсан уу. Ямартай ч УИХ-ын гишүүдийн талынхан энэ сонгуульд МоАХ, “Алтангадас” дээр хүч нэмсэн байна. Хэрвээ тэд байгаагүй бол Т.Батцогт Нийслэлийн АН-ын дарга болоход хэцүү, боломжгүй шахуу юм.
Энэ сонгуульд ялалт байгуулсан МоАХ-ныхон уржигдар “Баянгол” дээр баяраа тэмдэглэжээ. Н.Алтанхуяг очиж, С.Ганбаатар Ховдоос мэндчилгээ дэвшүүлээд сүрхий л “цайллага” болсон байна. Ингэхээс ч аргагүй биз. Гол нь Х.Баттулга буюу МоАХ, “Алтангадас”-ынхан АН-ын орон нутгийн удирдлагуудыг бараг 70 хувь, Нийслэлийн АН-ыг 100 хувь гартаа оруулчихлаа. Энэ намын хүч түүнд төвлөрчихөж байгаа юм.
АН дахь фракцуудын хүчний харьцаа, ерөнхий байдал иймэрхүү боллоо. Тэгэхээр цаашдаа юу болох вэ. Энэ их сонин.
Ерөнхийдөө Х.Баттулга ингээд ханагүй л боловуу. Нөгөө л “...С.Баярцогтыг огцруул” гэдэг шаардлагаа янз бүрийн хэлбэрээр тавьж эхэлнэ. Янз бүрийн хэлбэрээр шүү. Энэ баараггүй. Учир нь Нийслэлийн АН дээр ялалт байгуулсан нь энэ “улс төр”-өө хийх боломжийг улам ихээр олгож байгаа юм. Хэрвээ энэ удааширвал “...Лу.Гантөмөр ч бас огцорх ёстой” гэдэг асуудал тавьж таарна. Ер нь бол МоАХ, “Алтангадас” зүгээс ирж мэдэх эдгээр улс төр бол ил тодорхой л байна. Явж явж энэ бүхэн хүн бол С.Баярцогт биш Лу.Гантөмөр дээр хамгийн хүнд тусна. С.Баярцогтын “мэдэл”-д АН-ын Улс төрийн зөвлөлийн 22 гишүүн бий. Улс төрийн зөвлөл нь гишүүдийн тооны хувьд 20 гаруй боловч жингийн туухай дээр тавибал АН дахь хүчний 20 хувьтай тэнцэхээр хүчтэй байгууллага юм. Улс төрийн зөвлөлийн хүчээр С.Баярцогт нэг биш, нэлээд хэдэн “цохилт”-оос мултарч чадна. Харин Лу.Гантөмөрийн хувьд тун эвгүй болчихож байгаа юм. Түүнийг торгоох хүч баараг байхгүй. АН дахь хүчнээс “...Лу.Гантөмөрт байна” гээд хувиар тооцох ч боломжгүй. Одоо түүнд ганц л боломж байна. Тэр нь “Нэг Монгол”-ынхонтой өмнөх яриагаа үргэлжлүүлж, гол нь хэлсэндээ хүрэх нь чухал юм. Хэрвээ хэд хоногийн өмнө уулзсанаа хийсэн юм уу, тэр байр суурьтаа байсан бол “Нэг Монгол” саяын сонгуульд МоАХ-г дэмжихгүй л байсан болов уу. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдээс тусламж хүсвэл түүнд АН-ын даргын суудалдаа тогтож үлдэх боломж байгаа юм. Гэхдээ түүний хувьд оройтсон ч байж мэдэх юм. Нийслэлийн АН-ын даргын сонгуулийн маргаашаас л АН-ынхан хэсэг бүлгээрээ энд тэнд уулзалдаад эхэлжээ. АН-ын ҮБХ-ны гишүүд дунд ил юм уу, нууцаар юм уу, ямар ч байсан “...АН-ын онц их хурлыг хийе” гэдэг гарын үсэг зурагдаад эхэлсэн байна. Ер нь тэгээд АН-ын даргын суудал МоАХ, “Алтангадас”, бас “Нэг Монгол”-ынхон нь хэрхэхээс шалтгаалахаар болчихлоо л доо. Гэтэл сонгууль дөхөөд байдаг. АН бүтцээ бүрэн “зурж” чадаагүй л байдаг. “...Даргаа өөрчилбөл Дээд шүүх хугацаанд нь бүртгэж, албажуулж өгөх үү, үгүй юу” гэдэг том асуудал бас бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД