Байр суурь: Хүлээлт үүсгэсэн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хууль
Байр суурь: Хүлээлт үүсгэсэн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хууль
Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр манай улсад 155065 аж ахуйн нэгж байгаагийн 78585 үйл ажиллагаа явуулдаг ажээ. Харин эдгээрээс 77 хувь нь буюу 60330 аж ахуйн нэгж нь жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хамаардаг. Энэхүү жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг эдийн засгийн салбарын ангиллаар авч үзвэл 48 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 72 хувь нь тус салбарт ажиллаж байгаа юм. Ер нь эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой улс орнуудын жишээг харахад эдгээр орнууд жижигү дунд үйлдвэрлэлийг маш их дэмжиж, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлж чадсан байдаг. Манай улс ч мөн Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихийн тулд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, кластераар хөгжүүлэх, ажиллах хүчнийг чадавхижуулах, шинээр бизнес эрхлэхэд дэмжлэг болгох санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүртээмжийг хангах зэрэг олон арга хэмжээ авч байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд юу анхаарах талаар эдийн засагчид ямар байр суурьтай байдгийг хүргэе.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Жижиг, дунд үйлдвэрлэл гэдгийг ирээдүйд та биднийг тэжээх багаж суурь гэж ойлгох ёстой. Үүнийг дамжаад ирсэн хүн би өөрөө мэдэж байна шүү дээ. Жишээлбэл, 2000 оны эхээр 1990-ээд оны сүүлээр иргэд арилжааны банкнуудаас зээл авах боломж маш ховор байсан. Бие биеэсээ мөнгө төгрөг зээлдэг, жилийн хүү нь гэхэд л 20, 30 хувийн хүүтэй ийм л байсан. Гэхдээ одоо бол бас ч гэж давуу талууд байгаа.
Эдийн засагч, МИУС-ийн доктор, профессор Л.Оюун: Жижиг дунд үйлдвэр бол улс орны гол ирээдүй. Хоёр талаас харж болно. Нэгдүгээрт ямар ч том үйлдвэрүүд жижиг дундаас, бичлээс өрхийн бизнесээ эхэлдэг. Аажимдаа хүч нь сайжраад ирэхээрээ тэр орноо хөтлөх, чиглүүлэх гол компани нь болоод явчихдаг. Хоёрдугаарт жижиг дунд үйлдвэрүүд ажлын байрыг нэмэгдүүлдэг. Ерөнхийдөө дундаж давхаргын үйл ажиллагааны салбар байдаг. Тэгээд жижиг дунд үйлдвэрийг сайн дэмжээд өгөх юм бол дундаж давхарга хөгжин, чадавхижна. Аль ч улсын чадавхи дундаж давхаргынхнаар нь хэмжигддэг. Дундаж давхарга өөрөө ядуу давхаргаа чирээд өөд нь татаад, ажлын байр нэмэгдүүлээд явчихдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүнд жижиг дунд үйлдвэрийн оруулдаг хувь нэмэр бас их бий. Мөн төсвийн орлогыг бүрдүүлэх бас их үүрэг гүйцэтгэдэг байгаа. Ингэхээр жижиг дунд үйлдвэрлэл бол эдийн засгийн маш том салбар юм. Онцлог нь гэвэл их мэдрэмжтэй байдаг. Нийгэмд ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэгтэй байна гэдгийг мэдрээд, хувираад явах боломжтой байдгаараа том үйлдвэрүүдээс онцлогтой.
“Маяара” брэндийн үүсгэн байгуулагч Э.Азжаргал: Монголчуудын зах зээл үнэндээ бол жижиг. Ихэнх бараа бүтээгдэхүүнээ Хятадаас оруулж ирдэг. Ганзагын наймаачид татваргүй гахайгаа чирээд ороод ирдэг. Бид тэдэнтэй өрсөлдөхөд тун хэцүү л дээ. Тийм учраас бид экспортыг дэмждэг, зөвлөдөг том бүтцийн байгууллагатай болбол зүгээр. Гадаад харилцааны яам зэрэг байгууллагууд бидний бараа бүтээгдэхүүнийг хаана илүү борлуулагдах вэ гэдгийг судалсан байх нэн тэргүүний шаардлага үүсээд байна. Энэтхэг улс л гэхэд банкнууд нь эмэгтэй бизнес эрхлэгчдэдээ хүүгүй зээл өгсөн шүү дээ. Тэгээд зээл нь эргэн амжилттай төлөгдсөн байдаг. Тэгэхээр бид гаднын орнуудыг маш сайн судлах хэрэгтэй. Манай улсад үйлдвэрлэдэг нь биш борлуулдаг нь илүү их ашиг олдог. Ингэхээр жинхэнэ үйлдвэрлэл хийдэг хүмүүс, ганзагын наймаачдаа ялгаж ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй байгаа учраас манай улсын үйлдвэрлэл байх ёстой хэмжээндээ байж чадахгүй байна.
МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Л.Болормаа: Жижиг, дундын салбар маань аж ахуй нэгжийнхаа хувьд бараг 80-аад хувийг нь эзэлж байгаа. Энэ хувь байнгын тогтвортой яваад байгаа. Харин энэ дотроо задлаад үзэхээр жижиг дунд нь маш бага байгаа. Бараг 70-аад хувь бичил үйлдвэрлэл байна. Үлдсэн нь жижиг, дунд. Бодлого маань өөрөө жижгэрүүлэх бодлого яваад байгаа учраас л ийм хувь үзүүлэлт гарч байгаа юм л даа. Зээл олгогдоод ирэхээр бичл компаниуд ихээр байгуулагддаг. Тэдгээрийн үйл ажиллагаа нь хэзээ ч тогтвортой байх боломжгүй. Эдийн засгийн тооцооллоор үзэхэд шүү дээ. Яагаад гэвэл зах зээл нь, авч байгаа зээл нь жаахан учраас шинэчлэлт хийх боломж байдаггүй. Жижиг болоод ирэхээр арай боломжтой болж эхэлж байгаа. 50 ажилтантай байна гэдэг шал өөр шүү дээ. Бодлого нь өөрөө жижгэрүүлээд байхаар зэрэг жижиг, дундуудад олгох зээл хүрэлцээгүй болж эхэлж байна. Бид зарчмын асуудлуудыг их ярьж байгаа. Нэгдүгээрт жижиг, дундын үйл ажиллагаа нь хөтөлбөртэй уялдаатай байх ёстой. Засгийн газрын таван жилийн ЖДҮ-ийг хөгжүүлэх хөтөлбөртэй уялдаатай байх ёстой. Тэгж байж эдийн засгаа төрөлжүүлэх, бүсчлэх бодлоготой уялдаатай байна.
Монголбанкны судалгаа статистикийн газрын захирал Д.Ган-Очир: Жижиг, дунд бизнес эрхлэгч нар бол өөрөө эрсдэл өндөртэй орчинд ажиллаж байгаа. Яагаад гэвэл шинэ санаа, шинэ сэдэл дээр тулгуурлан шинээр эхэлж байгаа бизнес. Шинээр эхэлж байгаа бүхэн эрсдэлтэй. Хоёрдугаарт хөл дээрээ тогтоогүй болохоор гадаад эдийн засгийн болон дотоод эдийн засгийн өөрчлөлтөд маш эмзэг байдаг. Энэ агуулгаараа эрсдэл байнга явдаг. Ийм эрсдэл байдаг болохоор төрийн дэмжлэг, төрийн татаасны бодлого нь зайлшгүй. Татаасыг нь өөрсдөө шууд хийх үү, эсвэл арилжааны банкнуудад олгох замаар хийх үү гэдэг бол сонголт. Засгийн газар арилжааны банкнуудад хямдхан өгөх ёстой болж байгаа юм. Эцсийн зээлдэгчдээ магадгүй 6 хувиар очих ёстой бол наана нь 3 эсвэл 2 хувийн хүүтэй байх ёстой. Тэр зээлдэгч эрсдэл өндөртэй харагдаж байгаа бол энэ эрсдэлд би батлан даалт гаргаж байна. Энэ бол чухал бизнес, явах бололцоотой гэж харж байна. Дэмжих ёсирй салбар байна. Гэхдээ энэ зээлдэгчид та нар эх үүсвэр өг. Барьцаа хөрөнгийн асуудалд дутагдал гарч байгаа бол бид бүхэн батлан даалтыг нь гаргаж байна гээд үйлчилгээгээ зөөлрүүлэх зүйл нь нээлттэй. Гол нь тэр механизмуудыг л банкандаа олгож өгвөл энэ асуудал банкныхаа хувьд банкны хийдэг менежментээр, эцсийн зээлдэгчид олгож байгаа нөхцөл нь одоо энэ сангаар гарч байгаа шиг нөхцөлтэйгөө байх нь нээлттэй.