Авлигын хэргүүд анхан шатны шүүхэд “ах”-даад байна уу?!
Тухайлбал, мөрдөх байгууллага илрүүлж, прокурор хянаад “...Энэ бол гэмт хэрэг мөн” гээд шүүх рүү шилжүүлсэн авлигын хэргүүдийн хувь заяа хэрхэн шийдэгддэг вэ. Энэ нэгдүгээрт яригдана. Яадгийг бас л бүгдээрээ мэднэ. Яаж ийгээд л бүлэглэл гэх үү, нөгөө нэг нөхдийн нөлөө орчихдог. Тэд ямар хүчтэйг бид мэдэрч л байна. Уржигдар л гэхэд Нүүрсний сонсголын сураг нэлээд хүчтэй гараад ирэхтэй зэрэгцээд урд хөршөөс дөрвөн сая ам.доллар орж ирснийг цагдаагийнхан “саатуулсан” байгаа юм. Тэр мөнгийг гаднын хоёр иргэн авахаар очсон нь нүүрснийхэн рүү улам чиглүүлж байгааг эх сурвалж хэлж байна. Ер нь хүчтэй дээ, тэд. Ямар ч хэргийг ямар нэг байдлаар шүүх хурлыг хийлгэлгүйгээр барьдаг. Долоон жил хүртэл гацаана. Ийм тодорхой хэрэг бий. Ер нь бол ийм авлигын асуудалтай бүхэл бүтэн төр нь үзэлцээд дийлэхгүй л дүр зурагтай байна.
Тиймээс одоо шүүх дээр л гэхэд авлигын хэрэгт зориулсан өөрчлөлт хэрэг болсон байна. Гэтэл авлигын ийм хэргүүд анхан шатны шүүхэд “ах”-даад байх шиг байгаа юм. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бүлэглэл ажиллаад хэргийг аймаг, дүүргийн анхан шатны аль таатай шүүх рүүгээ шилжүүлдэг. Тэнд очоод хэрэг нь өөрсдөд нь “үйлчлэх” шүүгч дээр хуваарилагдана. Саяхан бас л ийм нэг хэргийг хэсэг ярьцгаалаа.
Тэгэхээр бүлэглэлд анхан шатны шүүх “чих зөөлөн” байгаад байна уу, аль эсвэл тэнд учраа олоход амархан байна уу. Ямартай ч ийм нэг дүр зургийг яриад, бичээд байдаг болчихлоо. Болж буй үйл явцууд ч зарим талаар нотолгоо болж өгч байна. Ер нь бол төр нь дийлэхгүй байгаа бүлэглэлүүдийн өмнө аймаг, дүүргийн анхан шатны шүүх хуулийг шударга хэрэгжүүлэхэд хэцүү л дээ.
Тиймээс одоо түр ч атугай хэрэгжүүлэх шийдэл хэрэгтэй. Цаашид авлигын дагнасан шүүх, эсвэл авлигын хэргийг шууд давж заалдах шатны шүүх шийддэг байвал зохихоор байна. Хэрэв дагнасан шүүх байгуулах бол төсөл нь бараг бэлэн байна. Манайхан ч олон жил судалж явсан. Хэд хэдэн удаа яригдаад зогссон. Харин “...Анхан шатны шүүхийг алгасъя” гэдэг нь нэгдүгээрт ачаалал нь тэр хэрээр багасна. Авлигын хэргүүдийг ийш тийшээ, таатай шүүх рүүгээ шидээд байдаг үйл ажиллагаа тасарна. Анхан шатны шүүхийн шүүгчдийг дарамтлаад байдаг нь ч алга болно. өөрчлөгдөнө. Хамгийн гол нь бүлэглэлүүд шүүхийн энэ “дамжлага”-аар далимдуулж цаг хожих боломж нь тас үсэрнэ. Ингээд давж заалдах шатны шүүх шийдэж, Дээд шүүх хянаад авлигын хэрэг удахгүй шийдэгддэг болно. Мэдээж, шүүх яллана, эсвэл цагаатгана. Энэ мэтийн “шилжилтийн үе”-ийн сайн шийдэл хэрэгтэй болсон байна. Энэ талаар хүмүүс дуугардаг болжээ. Судлаачид, ажиглагчид энэ талаар бүр илүү хэлэх болсон байна лээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР