Ойлголцлын цэг: 126 юу?
“Нэг үгнээс мянган утга цацарна” гэдэг шиг Засгийн газар “Мянган эерэг үр дагавар, ач холбогдолтой” хэмээн ганцхан заалттай Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл УИХ-д өргөн барив.
Үндсэн хуулийн 21.1 дэх заалтыг “УИХ нэг танхимтай байна. УИХын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” хэмээн өөрчлөхөөр төсөлдөө тусгажээ. Товч бөгөөд тодорхой ганцхан заалт боловч цаашаа маш олон зүйлийг “хөдөлгөх” үр дагавартай. Үндсэн хуульд ганцхан заалт байтугай ганц үг ч чухал гэдэг энэ. Учир нь, эцэг хэмээн хүндэтгэдэг энэ хуулиас бусад хууль эх ундаргаа авдаг юм.
Б.Чимид гуайн тодорхойлсончлон “Алганд багтах Монгол Улс” буюу Үндсэн хуульдаа дур мэдэн өөрчлөлт оруулах эрх УИХ-д үгүй. Тиймээс УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж ганцхан заалттай төслөө сонгогчдодоо танилцууллаа. Иргэд сонгогчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн хүлээж авсныг УИХ-ын гишүүд бүлэгтээ танилцуулав. Ер нь бүгд загнуулаад ирж. “Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоогүй байж өөрсдийнхөө тоог хоёр дахин нэмэх гэлээ” гээд л зандчих сонгогч олон байж. Тиймээс эрх баригчид иргэдийнхээ санал шүүмжлэлийг хүлээн авч, УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөн, гишүүдийн тоог 152 бус 126 болгохоор болов. Улмаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийгээд дахин тойргийнхоо зүг хүлгийн жолоо заллаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олон нийтийн саналыг сонсож, үзэл бодлыг нь тусгах зарчим баримталж байгаа. Тиймээс иргэдийн саналд тулгуурлаж сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах талаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, ингэхдээ мажоритар тогтолцоо буюу тойргийн төлөөллийг давуу байлгах ёстой гэдэгт намууд байр сууриа нэгтгэсэн. Намуудын төлөөлөл УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох саналыг дэмжлээ. Ингэхдээ мажоритар буюу тойргоос сонгогдох гишүүдийн тоо 76, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хэлбэрээр 50 гишүүнийг сонгох нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл
Гишүүдийн тоог нэмэхээр бүх зүйл сайхан болох юм шиг хэт өндөр хүлээлттэй байж болохгүй. 76 гишүүн тойргоос, жагсаалтаар 50 нь сонгогдох ёстой гэж үзсэн. Үндсэн хууль гэдэг харилцан ойлголцлын баримт бичиг болохоор талууд ойлголцлын цэг дээр хүрч байна.
УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд
Судлаачдын зүгээс гишүүдийн тоог 150-155 байх нь хамгийн тохиромжтой гэж тооцоолсон. Учир нь, 2040 он гэхэд манай улсын хүн ам таван сая, 2050-2060 онд 10 сая болно. Хүн ам нэмэгдэх болгонд Үндсэн хууль өөрчлөх жишиг тогтоочих гээд байна. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахад иргэдийн зарим нь 152 хангалттай гэсэн бол нөгөө хэсэг нь их байна, мөн 76 болно гэсэн байдлаар саналаа илэрхийлсэн байсан. Тиймээс 126 болгон хэлэлцэж байна. 126-гаас буулгавал өөрчлөлт хийгээд ч нэмэргүй. Дараагийн хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн тооны асуудал сөхөгдвөл ХҮН хүлээж авахгүй.
Том мөрөөдөж байж дунд дээр бууна
“Том мөрөөдөж байж дунд дээр бууна” гэдэг шиг эрх баригчид эхэндээ 152 гэж том мөрөөдсөн. УИХ-ын гишүүдийн тоог шууд л хоёр дахин нэмнэ гэдэг тийм ч амархан хүлээн зөвшөөрөгдөх санал биш. Эрх баригчид ч үүнийг мэдэж байсан.
Худалдаачин барааныхаа зарах үнэ дээр тодорхой дүн нэмж хэлээд түүнийгээ хасаад хямдруулж байгаа мэтээр жүжиглэдэг шиг эрх баригчид “УИХ-ын гишүүдийн тоог 152 болгоно” гэж хэлээд 126 руу буулгав. Одоо үүнийг нь иргэд яаж хүлээж авах нь анхаарал татаж байна. Бас л хүлээж авахгүй бол 99, 108 гэсэн хувилбарууд бий. Ямартай ч 152-оос 126 болж 26 хүний УИХ-ын гишүүн болох боломж хумигдав.
Шинжлэх ухаан чухал уу, иргэдийн санал чухал уу?
Анх 152 гэдэг тоог судлаачид шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж ирсэн бол 126 гэдэг тоо нь иргэд сонгогчдын санал дээр үндэслэгдэн гарч ирлээ. Үүнийг зарим судлаач эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Улс төр судлаач Д.Бумдарь
152 болоход ямар үр дүн гарах, нөлөөлөл нь юу бэ гэдгийг гишүүд тойргийнхоо иргэдэд төдийлөн ойлгуулж чадсангүй. Ямар үндэслэлээр 126 байх ёстой талаар шинжлэх ухаанч тайлбар байхгүй. “Иргэд дургүйцэж байгаа болохоор, манай тойргийнхон дургүй байна” гэх тайлбар харамсалтай сонсогдлоо. Шинжлэх ухаанчаар хандаж ирсэн улс орны хөгжил өөр байдгийг бид мэдэж байгаа. Магадгүй гишүүд тайлбарлахаас илүүтэй судлаачид, нийгмийн асуудалд чин сэтгэлээсээ санаа зовдог хүмүүс дуу хоолойгоо илэрхийлэхгүй бол өнөөдрийн нийгэм гаргаж ирсэн асуудлыг нэг бол дэмжих, нэг бол эсэргүүцэх гэсэн хоёр хувилбараар хувааж байна.
УИХ-ын гишүүд хазгай гишгэх эрхгүй
Иргэд 152 гэдэг огцом нэмэгдэж буй тоонд л хамаг анхаарлаа хандуулаад байгаа бололтой. Түүний цаана иргэдийг төлөөлөх чадвар нэмэгдэх, гишүүд лоббид өртөхгүй байх, хуулийн чанар сайжрах зэрэг олон үр дагавар байгааг жирийн иргэн бүр олж харахгүй. УИХ-ын гишүүд ч шинжлэх ухааны үндэслэл, ач холбогдлыг нь сайн тайлбарлаж чадаагүй бололтой. Тэд “Дэмжихгүй байх вий, намайг дахин сонгохоо больчих вий” гэсэн айдастай явсан нь лавтай. Тийм ч учраас амаа таглуулаад ирж. Уг нь УИХын гишүүдийн тоог нэмэх бодит хэрэгцээ шаардлага үүссэн, цаг үе өөр болсон гэдгийг ойлгуулах учиртай юм. Үнэндээ болсон, болоогүй “юм”- нууд өөрсдөдөө суудал гаргах гэж зүтгэж байна гэх иргэдийн шүүмжлэл ч “ханатай”. Зөв өнцөг, шударга ч шүүмжлэл. Гэхдээ нөлөө талдаа УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг бодолцох ёстой. УИХ дээр шийдвэр гаргахад нэг гишүүний жинг буулгах нь улс төр, геополитикийн хурцадмал энэ үед юу юунаас чухал байна.
Үндсэндээ парламентын 20 гишүүнийг “худалдаад авчихад” ямар ч хуулийг батлуулах боломж Монголд үүсчихсэн. Бүр 20-иор нь ч худалдаж авах шаардлагагүй гэх нь бий. Учир нь, УИХ-ын гол бодлого мэргэжлийн Байнгын хороон дээр гардаг. Гэтэл Байнгын хорооны 19 гишүүний 10 нь хуралдаа оролцоход ирц бүрдэж, 6 нь дэмжсэн санал шууд УИХ руу ордог. Тэгэхээр хууль тогтоох хамгийн чухал хэсэг дээр л “худалдан авалт” хийхэд ямар ч шийдвэрийг парламентаар гаргуулах боломжтой гэсэн үг. Харин тооны хувьд яг хэдээр нэмэх нь дараагийн асуудал юм. Гол нь л нэг гишүүний хууль тогтоох “жин”-г бууруулах нь яалт ч үгүй чухал асуудал билээ. Нөгөө талдаа, УИХ-ын гишүүний халдашгүй эрхээр халхавчлан бүгдийг “хийдэг” байсан нь өөрчлөгдөх нөхцөл бүрдсэн. Өөрөөр хэлбэл, хууль хэний ч араас явдаг ийм тогтолцоо бий болсныг хууль тогтоогчид хэлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат
Ард иргэд “Амьдрал хүнд байна. Үүний буруутан нь энэ 76. Тэд өөрсдөө янз бүрийн гэмт хэрэгт холбогдсон байна” гээд ярьж байна. Би өмнөх 30 жилийн 76-гийн үүх түүхийг сайн мэдэхгүй. Харин энэ парламент улс орны боломжийг хулгайлдаг хүмүүсийн үйлдлийг анх удаа хаасан гэж бодож байна. Энэ бол Эрүүгийн хуулийн өөрчлөлт. ЖДҮ-гийн гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн гурван жилийн хорих ял аваад нэг аймгийн хориход 1.5 жил худгийн манаач, эсвэл номын санч хийгээд л гараад ирж байгаа. Харин одоо бол 12-20 жилийн ялтай болсон. Үүнийг ард иргэдэд ойлгуулмаар байна. Ойлгуулаагүйгээс болоод хулгайчийн тоог нэмж байгаа мэт ойлгоод байх юм. Хэрэв итгэл алдаад хулгай хийвэл өмнөх 76 шиг хариуцлага тооцохгүй хариуцлага нь чангарсан гэдгийг иргэддээ танилцуулах хэрэгтэй. Ингэхгүй бол УИХ-ын гишүүн гэхээр л баруун солгойгүй хулгай хийдэг, тийм боломжтой байдаг юм шиг ойлгоод байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуульд томоохон өөрчлөлт оруулж байгаа. Энэ өөрчлөлтөөр УИХ-д нөлөө бүхий этгээд УИХын гишүүн өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан нээлттэй тендерт ч орохыг хориглож байгаа. Таван хувийн хувьцаа эзэмшдэг компанид нь хөнгөлөлттэй зээл олгохыг хязгаарлана. Дээрээс нь өөрийнх нь хамаарал бүхий этгээдүүд удирдах албан тушаалд томилогдох, сонгогдох, төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллахыг хориглосон зохицуулалт орж ирж байгаа. Нэмээд төрсөн болон дагавар хүүхэд нь төрийн сангийн зээлээр сурахыг хориглож байгаа. Ингэснээр УИХ-д нэр дэвших хүмүүс гэр бүл, ах дүү, хамаатан садан, бизнесийнхээ хамтрагчидтай ярилцаж байж шийдвэрээ гаргах шаардлагатай болж байгаа юм. Мөн 2022 оны төгсгөлд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж авлига, албан тушаалын гэмт хэргийг 20 жилийн ялтай болгосон. Хүнийг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх ялтай дүйцүүлж нэмсэн.Ямартай ч УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ гэдэг нь “хулгайч” нарын тоо нэмэгдэж байна гэсэн үг биш. УИХын гишүүн нэг л хазгай гишгэвэл 20 жил торны цаана суухаар хуулийг нь чангаруулсан. Энэ бол өнгөрсөн оны төгсгөлд болсон жагсаалын үр дүн.
Одоогийн тохироо: 126 гишүүний 76-г тойргоос, 50-ыг жагсаалтаар сонгоно
Үндсэн хуульд оруулж буй ганцхан заалт нь хоёр агуулгатай. Нэг нь УИХ-ын гишүүдийн тоо хэд байх тухай, нөгөө нь тэднийг хэрхэн сонгох тухай. Анх Засгийн газраас өргөн барьсан төсөлд 152 гишүүнийнхээ 50 хувь буюу 76-г нь тойргоос, 76-г нь намын жагсаалтаас сонгохоор тусгасан байсан юм. Харин УИХ-д суудалтай намууд гишүүдийн тоог 126 болгохоор зөвшилцөхдөө 76-г нь тойргоос 50-ийг нь намын жагсаалтаар сонгохоор шийдэв. Харин тойргоос сонгогдох 76-гаа томсгосон тойргоос сонгох уу, жижиг 76 тойргоос сонгох уу гэдэг нь дараагийн асуудал. Үндсэн хуульд заасны дагуу дараагийн сонгууль болохоос өмнөх нэг жилийн хугацаанд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах нь хориотой.
Тиймээс УИХ ирэх зургаадугаар сарын 20-ноос өмнө Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Түүний дараа УИХ Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн сонгуулийн тойрог хуваах, мандат хуваарилах тухай тогтоолын төслийг батална. Үүний дараа л ирэх жилийн УИХ-ын сонгуулийн дүрэм тодорхой болно гэсэн үг. Ямар боловч ч одоогийн байдлаар бол 126 гишүүн сонгох нь тодорхой болж байх шиг. Гэхдээ хууль эцэслэн батлагдах хүртэл хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй юм. Хамгийн гол нь гишүүдийн тооноос гадна УИХ-ын сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульдаа холимог гэж тусгаж өгөх нь давуу талтай. Маш олон зүйл эндээс хамаарч ирснийг тун цөөхөн жишээгээр тайлбарлая. Монголын хөгжлийн чөдөр нь хэтэрхий богино зайн улс төр, бас популист улстөрчдийн харгай гэдгийг бид мэдэхийн дээдээр мэддэг болжээ. Тэгвэл ийм улстөрчдийг бойжуулдаг хөрс нь өнөөгийн тогтолцоотой шууд холбоотой. Дөрөв, дөрвөн жилээр төрийн бодлого нь өөрчлөгдөж, гишүүд нь сонгогдсон тойргоо л “услах” марафон тасралтгүй үргэлжилсээр 30 жил өнгөрөөд байна. Хэн эрх мэдэлтэй нь тойрогтоо хөрөнгө татдаг, улсын мөнгийг өөрийнхөө дахин сонгогдох тасалбар болгож ашигладаг тогтолцооны энэ гажуудлын үндсэн шалтгаан нь сонгуулийн тогтолцоо.
Мажоритар тогтолцоо өөрөө хөгжилд зориулагдах ёстой хөрөнгө оруулалтуудуудыг “тойрог услах” мөнгө болгож хувираад байгаа юм. Анх 10 саяас эхэлсэн “Гишүүний тойргийн мөнгө” өдгөө 4 тэрбумд хүрсэн нь мажоритар тогтолцооны л согог. Нөгөө талаас пропорциональ элементийг сонгуулийн хуульдаа тусгаснаар гадаадад байгаа иргэд төр барих эрхээ эдэлж, сонгуульд саналаа өгөх боломж нэмэгдэнэ. Хамгийн гол нь ард түмний санал гээгдэх нь арай л багасна. Ард түмний санал гээгдэхийн хэрээр “гудамжны улс төр” цэцэглэдэг. Парламент дээрх эрүүл өрсөлдөөн үгүй болж, сөрөг хүчин гудамжинд гарах нь эргээд засаглалаа задлах хэмжээний аюул дагуулсан жишиг дэлхийд цөөнгүй байдаг. Тэгэхээр “вакцин” нь пропорциональ элементийг хуульчлах.
Гэхдээ энэ нь пропорациональ болон холимог тогтолцоо нь хамгийн төгс төгөлдөр хувилбар гэсэн үг бас биш гэдгийг бодох ёстой. Ард түмний шүүмжлээд байгаа шиг албан тушаал, авлигын гэмт хэрэгтнүүд жагсаалтын ард нуугдаад ороод ирэх боломжтой. Эсвэл зүгээр л “Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаад Их хурлын гишүүн болчихлоо” гэдэг шиг юм давтагдаж ч болно. Бүр жижиг намууд нь жагсаалтын эхний байруудаа эрэмбэлж зарах тохиолдол ч үүсч мэднэ. Тэгэхээр аль аль тогтолцоонд л өөрийн гэсэн давуу хийгээд сул тал бий. Үүнээс зөвийг олох нь Монголын эрх ашиг болчихоод байна. Одоохондоо бол ойлголцсон тоо нь 126, тохирсон тогтолцоо нь холимог юм. Цаашид хэрхэхийг харж л байя.