Т.Бадамжунайгийн хэргийг түдгэлзүүлэх үү?!
Тухайлбал, Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Ш.Цэцэгмаа урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны үеэр “...Миний үйлчлүүлэгч харвалтын улмаас зүүн талын гар, хөл болон хэл ярианы саажилттай болсон. 2023 оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 5-ны хооронд УГТЭ-т, аравдугаар сарын 13-19-нд "Аллерги Мед" эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлсэн. Гэсэн ч засал олохгүй байна. Тиймээс 2023 оны аравдугаар сарын 23-ны өдрөөс Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор бусдын асрамжид байнгын хэвтэр, ухаан санааны хувьд өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй байна. Өөрийнх нь зүгээс шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй байгаа. Эмчлэгч нарын зүгээс Т.Бадамжунайг сэтгэл санааг тайван байлгах, аливаа цочрол хямралд оруулахгүй байхыг байнга зөвлөдөг. Ийм учраас дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан. Мөн Т.Бадамжунайгийн өмгөөлөгч “...Үйлчлүүлэгчийн маань биеийн байдал нь сайжирч, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүртэл хэргийг түдгэлзүүлэх боломжтой” гэсэн агуулга бүхий зүйлийг ярьсан. Өмгөөлөгч санаандгүй зүйл яриагүй бололтой. Т.Бадамжунайгийн бие сайжиртал хэргийг нь түдгэлзүүлэх асуудал тодорхой түвшинд яригдаад эхэлжээ. Хэрвээ Т.Бадамжунайгийн энэ “хүсэлт”-ийг хууль хяналтынхан хүлээн авч ёсоор болговол хэргийг шийдвэрлэх явц ямар ч байсан 2024 оны сонгууль өнгөртөл хойшлох юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР