Н.Лхагвадорж: Монголын төр хулгайчдаар дүүрлээ

Нийтэлсэн: Админ 2023-10-24 10:22:26

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар та “Монголын төр хулгайчдаар дүүрлээ” гэж мэдээлэл өгсөн. Энэ талаар тодруулбал?

-Төрийн бодлогогүй шийдвэрээс болж 1 Монгол хүн 33 сая төгрөгний өртэй болсон. Монголчууд 10 хүрэхгүй жилийн өмнө хэдэн сая төгрөгөөр төрийн хулгайн талаар ярьдаг байсан бол сүүлдээ хэдэн тэрбумаар ярьдаг болсон. Сүүлийн хоёр, гуравхан жилийн хугацаанд хэдэн их наядаар хулгай ярьдаг боллоо. Нэг аймгийн нэг жилийн төсвөөр яригддаг байсан хулгай Монгол Улсын хэдэн жилийн төсвөөр яригддаж байна. Тэр хулгайн гол эздээр нэр бүхий төрийн албан хаагч, сайд, УИХ-ын гишүүд яригдаж байгаа учир төр хулгайчдаар дүүрсэн гэж харж байгаа.

-Тоо баримтаар нь хэлбэл ямар дүн гарах бол?

-2020 оноос нийгэмд сэвэгдэж байгаад мартагдах шахсан ЖДҮ-ийн 50 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 2016 оноос хойш олгогдсон 6,7 их наяд төгрөг, нүүрсний гэх тодотголтой 40 их наяд төгрөг, ковидын үеийн хайчсан нь тодорхойгүй 20,3 их наяд төгрөг, төмөр замын хэлтсийн даргын өрөөний сейфнээс гарсан 10 тэрбум төгрөг, автобусны 320 тэрбум гээд яриад байвал ил болсон, төрийн олон сайд, гишүүд нэр холбогдсонч албан тушаалаасаа огцрохоос өөрөөр хариуцлага нь тооцогддоггүй олон хэргийг дурдаж болно. Зөвхөн эдгээрийг нэгтгээд харахад 67 орчим их наяд төгрөг байна. Бүхэл бүтэн аймгийн нэг жилийн төсөв, улсын хэд хэдэн жилийн төсөвтэй тэнцэхүйц хулгай яригдсаар байхад хэн хариуцлага хүлээсэн бэ? Үүнд иргэд бухимдалтай байна. Ийм зүйлийг хулгай гэхгүй яах вэ дээ.

-Энэ их мөнгөн дүн авлига, хулгайн замаар ороогүй бол эдийн засагт ямар ахиц гарах байсан бол?

-Улс нь дампуурлаа зарлах шахсан нөхцөл байдалд лав орохгүй байсан. Зөвхөн дээрх 67 их наяд төгрөг чинь Монгол Улсын 3 жилийн төсөвтэй тэнцэх мөнгө. Энэ мөнгөөр бүх аймгуудыг хооронд нь, сумдыг аймгийн төвүүдтэй нь хатуу хучилттай замаар холбож, 600 мянган айлын орон сууцыг барьж, утааг бүрэн шийдэж, оочир дарааллаа хүч хүрэхээ больсон эмнэлгүүдийг хэдэн зуугаар нь нэмж, хоосон амладаг нефтийн үйлдвэрээ босгон үнийн хөөрөгдлийг зогсоож, хотоо хэд хэдэн чиглэлийн метротой болгож, түгжрэлийг ялж, үерт автсан нийслэлийнхээ дэд бүтцийг бүрэн шийдсэн, жинхэнэ утгаар нь аз жаргалтай хот болгох боломж энэ МАН-д байлаа. Ямар их зүйлс бүтээж болох боломжийг хэдхэн жилийн дотор авлига, хулгай нэрээр алдсаныг эргээд харахад харамсаад барахгүй. Монголын түүхэн дэх улсаа хөгжүүлэх хамгийн том боломжуудыг авилгын хэргээр алдсан он жилүүд болон үлдэж байна.

-Ковидын үеийн төсвийг юунд зарцуулсныг зарлаж, их сонсгол хийлгэх тухай та дурдсан. Энэ талаар та мэдээлэ өгөөч?

-2020 оны 11-р сараас эхлэн ковид дэгдэж нийт 20,3 их наядын мөнгөн дүн төсөвлөсөн байна. Түүний 15,1 их наядыг улсын төсвөөс баталсны 10 их наядыг Л.Оюун-Эрдэнэ төсөвлөсөн, Эрдэнэт үйлдвэрээс 1,2 их наяд, Оюутолгойгоос 1 их наяд, гадаадын зээл тусламжаар 3 их наяд гэх мэтчилэн мөнгийг юунд, хэрхэн зарцуулсан нь одоо хүртэл тодорхойгүй байна. Ковид туссан хөнгөн өвчтөнг эмчлэхэд 6,9 сая төгрөг, дунд өвчтөнг 12,5 сая төгрөг, хүнд өвчтөнг 32 сая төгрөгөөр эмчилсэн гэж тайланд тусгасан талаар хэвлэлүүд ил болгосон. Гэвч бодит байдалд хэдэн сая төгрөг битгий хэл 100-200 мянган төгрөгөнд л бүгд багтаж байсныг бид мэдэж байгаа. Зөвхөн ковидын энэ мөнгө 200,000 айлын орон сууцыг барих боломжтой бөгөөд малаар 100 сая хоньтой тэнцэнэ. Энэ мөнгө яг хаашаа орчихсон бэ. Үүнийг л хулгай гээд байгаа юм.

-Цаашид танай намаас энэ асуудалд ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна?

-МАН-ын эрх баригчдад ковид, нүүрсний сонсгол хийх саналыг УИХ дахь АН-ын бүлгээс удаа дараа тавиад тэд хийхгүй өнөөдрийг хүрлээ. МАН эдгээр хэргүүдийг иргэдэд аль болох мартуулах, намжаах хүсэлтэй байна гэж бид хардаж байна. Шийдвэрлэх, ил болгох бүрэн эрх, боломж тэдэнд бий. Өнөөдрийг хүртэл шийдэхгүй байгаа нь МАН-ын олон УИХ-ын гишүүд эдгээр хэрэгт холбогдсон гэж хардаж байгаа. Цаашид АН-аас эдгээр хэргүүдийг ил болгох, нийтэд нээлттэй сонсгол хийлгэх, улсаа авлига нэрийн дор хулгайлж байгаа хүмүүст хариуцлага тооцуулах ажлуудыг үе шаттай эхлүүлнэ.