А.Гансүхэд халдсан нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой юу, ахуйн шалтгаантай байв уу?!
ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан А.Гансүх яг сарын өмнө гэртээ зодуулжээ. Энэ талаар “...2023 оны есдүгээр сарын 11-ний өглөөний 09:34 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “...Хүн орж ирээд зодоон болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад иргэн Г-ийн биед иргэн И гэгч халдсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэн Г-г хохирогчоор тогтоон гэмтлийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж Цагдаагийн байгууллагаас 2023 оны есдүгээр сарын 13-нд мэдээлсэн юм. Зарим эх сурвалжууд “...А.Гансүхийг зүс таних хүн нь зоджээ” гэсэн. Түүнээс хойш энэ асуудлын талаарх мэдээлэл сураг алдрав. Уг нь энэ ингэж “сураг алдарч” болохгүй асуудал аж. Учир нь А.Гансүх бол ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга байсан. Энэ албан тушаалд ажиллах хүнийг Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга нь Үндэсний аюулгүй байдлын асуудлаар судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулна. Мөн ҮАБЗ-ийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах, ҮАБЗ-ийн гишүүдийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлнэ. ҮАБЗ-ийн тэргүүн, гишүүдээс өгсөн чиглэл, зөвлөлийн шийдвэрийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдан зохицуулах асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавина. Ийм эрх, үүрэгтэй ажилладаг. Тэр утгаараа, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой “нарийн ширийн” бүхий л мэдээллийг хадгалдаг этгээд юм.
Тэгвэл А.Гансүх нь энэ албан тушаалд 2017 онд ҮАБЗ-ийн ес дэх Нарийн бичгийн дарга болж томилогдсон. Тэрбээр 2021 онд буюу хоёр жилийн өмнө ажлаа өгсөн.
Тэгэхээр “...Энэ зодооны шалтгаан, үндэслэл юу байсан бэ” гэдгийг анхаарах ёстой. ...А.Гансүхэд халдсан гэх иргэн И хэн бэ” гэдгээс эхлээд асуулт тавигдах учиртай. Өөрөөр хэлбэл, “...А.Гансүхэд халдсан нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой юу, ахуйн шалтгаантай байв уу” гэдгийг цагдаагийнхан мухарласан уу. Эдгээр нь анхаарал татсаар байна.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР