“Эксүүд”-ийн ээлжит хардалт буюу “...Лу.Гантөмөр өө, ажлаа өг”
АН-д “Нэг Монгол” хөдөлгөөн бий болоод удаагүй байна. “Нэг Монгол”-ын талаар “...Лу.Гантөмөр сайд байхдаа хэрэгжүүлж байсан хөтөлбөр, бас өөрийнхөө толгойлж байсан “Нэг Ардчилал” фракцтай уг язгуур нэгтэй нэр өгсөн. Хамгийн гол нь Лу.Гантөмөр энэ хөдөлгөөнийг “ах нар”-ынхаа дарамтаас салахын тулд УИХ-ын зургаан гишүүн, бас намынхаа залуустай нийлж байгуулсан” гэж байв. Гэвч асуудал дуусаагүй бололтой.
Лу.Гантөмөрийг АН-ын дарга болсноос нь хойш Солонгост уулздаг, Баянголд дуудаг экс Ерөнхийлөгч нартай холбоотой яриа хөөрөө дахиад л гарав.
Юу гэвэл, нэг “экс” нь Лу.Гантөмөрийг Солонгост очоод нөгөөх “экс”-тэйгээ яриа тохироо хийчихлээ хэмээн хардаад эхэлжээ. Ингэж хардах явдлууд ч гараад байгаа аж. Наад зах нь АН-ын шинэ генсекийн нэр гэхэд л хардах шалтгаан болж буй юм байна. “...Ч.Өнөрбаяр генсек болох нь бараг л тодорхой болсон” гэлцэж байгаа юм.
Тиймээс эрхэм “экс” Баянголд байн байн уулзалт зохион байгуулж, АН-ын ҮБХ-ны гишүүдийн гарын үсгийг цуглуулаад эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тун удахгүй “...ҮБХ-ны хурлыг зарла” гэдэг шаардлага тавина. Улмаар “...Лу.Гантөмөр өө, ажлаа өг” гээд шахаад эхлэх гэнэ. Харин нөгөөх “экс”-ийн зүгээс “...Гарман дээр морио сольдоггүй” гэсэн агуулга бүхий ухуулгыг намынхаа гишүүдийн дунд хийгээд эхэлжээ. Эдгээрээс харвал, Лу.Гантөмөр намаа эмхэлж, ирэх сонгуульд амжилттай оролцъё гэвэл үтэр түргэн “экс”-үүдтэйгээ нэг дор сууж байгаад ойлголцолд хүрэх, эсвэл хэн нэгийг нь “хашаа”-ны гадна гаргах шаардлага үүсэв бололтой.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин Б.Дамдин-Очир