Б.Лхагвасүрэн: 2018 онд Монголбанкны хийсэн акт тогтоолуудыг нийслэлийн анхан шатны шүүх түдгэлзүүлсэн
Хөгжлийн банктай холбоотой Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол үргэлжилж байна.
Сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон зээлүүдийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үүнтэй холбогдуулан 59 гэрчийг дуудуулсан байна.
Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс асуулт асууж, хариулт авлаа.
Тэрбээр "Одоо мөрдөгдөж байгаа хуульд Монголбанк ороод хяналт шалгалт хийгээд ажиллахад хязгаарлагдмал тогтолцоотой явж байгаа. 2019 онд Засгийн газартай, 2020 онд Сангийн яамтай хамтраад хийсэн шалгалтууд байгаа. Ялангуяа тухайн үед хийсэн шалгалтаар тавьсан акт материалыг хуулиар заагдаагүй зүйл байна хэмээн нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан.
2018 онд Монголбанкны хийсэн акт тогтоолуудыг нийслэлийн анхан шатны шүүх түдгэлзүүлж байсан. Дараа нь давж заалдах шатны шүүх гээд нийт таван удаа шүүхдэлцээд нийслэлийн давж заалдах шүүх 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Монголбанкны шалгалтын актыг түдгэлзүүлэх шийдвэр гарч байсан.
Өнөөдрийн зохицуулж байгаа хууль эрх зүйн хүрээнд Монголбанк нь Сангийн яам, Засгийн газарт шалгалт хийх хүсэлт тавих, эсвэл хамтарч шалгалт хийх маягаар явж байна. Хууль эрх зүйн хүрээнд Монголбанк улсын байцаагчийнхаа актыг тавиад орхидог. Үүний биелэлтийг дараагийн шалгалтаар аваад явдаг. Хамгийн сүүлд буюу 2021 онд хийсэн шалгалтын актаар 1.7 их наяд төгрөгийн зээл чанаргүй болж, эргэн төлөгдөх боломжгүй эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан" гэв.