Төрийн банк “Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл”-ийг олгоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-н 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, цаашид хүнс экспортлогч болох зорилтыг дэвшүүлсэн.
Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 5-6 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас хүүгийн зөрүү 13 хувийг хариуцан олгохоор шийдвэрлэсэн юм. Энэ хүрээнд арилжааны арван банкаар дамжуулан эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар уг зээлийг олгох юм. Ингэхдээ Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд 132.3 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжихэд 342.6 тэрбум, хүнсний боловсруулалт, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон байна.
“Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээл”-ийн болон эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр ХХААХҮЯ-ны байранд болж Төрийн банкийг төлөөлөн Гүйцэтгэх захирал Ө.Гантөр гарын үсэг зурлаа.
Төрийн банк