Төрийн банк “Санхүүгийн боловсрол олгох” сургалтыг зохион байгууллаа

Нийтэлсэн: Админ 2023-03-30 9:58:00

Төрийн банк “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг 2013 оноос хойш жил бүр уламжлал болгон улс орон даяар өрнүүлж ирсэн. Энэ жил тус аяныг “Санхүүгээ зөв төлөвлөж, ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор Монгол орны өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулж буй 500 гаруй салбар, нэгжээрээ дамжуулан 2023 оны 3 дугаар сарын 22-ны 11:40 цагт нэгэн зэрэг 21 аймаг, 330 сумын 395 ЕБС, МСҮТ, Их дээд сургуулийн 24,347 оюутан, сурагчдад Санхүүгийн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа.

“Дэлхийн мөнгөний долоо хоног 2023” аян нь Дэлхий даяар тогтвортой хөгжлийн чиг хандлага руу чиглэгдэж байгаатай холбоотойгоор хувь хүний санхүүгийн зан үйл нь зөвхөн түүний санхүүгийн ирээдүйд төдийгүй байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь чухал болохыг онцлон, энэ тухай мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.

Дэлхий даяар жил бүрийн 3 дугаар сард зохион байгуулагддаг энэхүү аян нь  залуучуудыг бага наснаас нь санхүүгийн мэдлэгтэй болгож, зөв шийдвэр гаргах, сайн сайхан байдалд хүрэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлага, зан үйлийг эзэмшүүлэхийг уриалан, сурталчлах зорилготой билээ. Анх 2012 онд Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас санаачлан зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхий даяар 176 орны 53 сая хүүхэд, залуучуудыг хамарсан өргөн цар хүрээтэй аян юм.

 

Төрийн банк