Л.Наранбаатарт энэ сарын 30-ны дотор арга хэмжээ авахгүй бол Хөтөлийн "цемент шохой"-н үйлдвэрийн ажилчид ажил хаяна гэв
"Хөтөл"-ийн цемент шохойн үйлдвэрийг Засгийн газар хүчингүй болгож, Төрийн өмчийн хороонд хариуцуулсан билээ. Ийнхүү тус үйлдвэрийн даргаар эдийн засагч Л.Наранбаатарыг өнгөрсөн оны гуравдугаар сард томилсон юм. Тэгвэл түүний явуулж буй хууль бус, чадамжгүй үйл ажиллагаа зэргээс шалтгаалж Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн үйлдвэрийн ажилчид ажил хаяхаар болж, энэ тухайгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд уламжилсан юм.
Л.Наранбаатар нь сүүлийн саруудад ажилдаа очихгүй, үйлдвэрийн үйл ажиллагаанд хайхрамжгүй хандах болжээ. Тодруулбал, тэрбээр арваннэгдүгээр сард долоон удаа, арванхоёрдугаар сард 10, нэгдүгээр сард тав, хоёрдугаар сард гурван удаа ажилдаа очсон байж болзошгүй байна.
Мөн тэрбээр тус албанд томилогдсоноосоо хойш халаа сэлгээ ихээр хийж, өөрийн холбоотой хүмүүсийг удирдах албан тушаалд томилжээ. "1072 хувьцааны ногдол ашгийн төлөөх тэмцэл"-д Л.Наранбаатартай хамт оролцож байсан найз нөхдийн харилцаатай Э.Гэлэгжамцыг 2022 оны есдүгээр сард Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн даргаар, 2023 оны нэгдүгээр сараас Борлуулалтын хэлтсийн даргаар, 2023 оны гуравдугаар сараас Ерөнхий нягтлан бөгөөд Санхүү, эдийн засгийн газрын даргаар хавсарган хийлгэхээр томилсон байна. Мөн өөрийн хувийн компанидаа ажиллаж байсан Н.Буян-Өлзийг Ерөнхий инженерээр, найз н.Ихбаярыг Захиргаа удирдлагын газрын даргаар тус тус томилжээ.
Мөн худалдан авалтын тендерийг цаг хугацаанд нь зарлаагүйн улмаас шууд худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ бүхнээс шалтгаалж тус үйлдвэр нь санхүүгийн хувьд ч хүнд байдалд оржээ.
Л.Наранбаатар нь "цемент нийлүүлнэ" хэмээн бусдаас 6.2 тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөрт аваад байгаа бөгөөд 5.4 тэрбум төгрөгийн худалдан авалтын өр төлбөртэй, 12 тэрбум төгрөгийн татварын өртэй болоод байгаа аж.
Тиймээс тус үйлдвэрийнхэн гүйцэтгэх захирал Л.Наранбаатартай цаашид хамтран ажиллах боломжгүй хэмээн үзэж, гуравдугаар сарын 30-ны өдрийн дотор шуурхай арга хэмжээ авч, "Хөтөл"-ийн үйлдвэрт Засгийн газрын "Бүрэн эрхэт төлөөлөгч" томилон үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг хүсэж, ийнхүү ажил хаяхаар болсон тухайгаа уламжилсан юм.