Төрийн гурван өндөрлөгийн зөвлөхүүдийн баг-3

Нийтэлсэн: Админ 2022-09-09 9:29:59
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын зөвлөхийн багийг цувралаар танилцуулж байна.  Өмнөх дугаарт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны 11 зөвлөх,  УИХ-ын дарга Г.Занданшатарын хоёр зөвлөхийг танилцуулсан.  Энэ удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэн хэн зөвлөдгийг хүргэж байна.

 Ахлах зөвлөх А.Ариунзаяа: Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ХНХ-ын сайд асан А.Ариунзаяа томилогдоод байна. А.Ариунзаяа нь   Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, ХБНГУ-д Хановерийн их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар мастер,  Удирдлагын академид төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг хамгаалсан. ҮСХ-ны дарга,  ХНХ-ын сайд зэрэг төрийн алба хашиж байсан билээ.

Я.Төмөрбаатар: МУИС-ийн гэгддэг Я.Төмөрбаатар Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна. Я.Төмөрбаатар нь түүхийн багш мэргэжилтэй.  “Кёкшюүзан хөгжил сан”-гийн зөвлөх, дэд захирал, 2007-2008 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2009 онд Ерөнхийлөгчийн зөвлөх, хэвлэлийн албаны дарга, 2009 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, ахлах зөвлөх, “Стратеги” академийн захирлаар ажиллаж байжээ.

Ч.Ундрахбаяр: Энэ хүрээнд Ерөнхий сайдын зөвлөхөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв ажиллуулдаг Ч.Ундрахбаяр ажиллаж байна. Тэрбээр Ерөнхий сайдын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх. Ч.Ундрахбаяр нь Түгээмэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, Бие даан амьдрах төвийн тэргүүнээр ажилладаг байна.

М.Бадамлянхуа: Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад нь мөн зөвлөхөөр нь ажиллаж байв. Төв Европын Их сургуулийн байгаль орчны магистр, СЭЗИС-ийн бизнес менежментийн докторант.  Тэрбээр төр хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.

Ч.Болортуяа:  Сэтгүүлч мэргэжилтэй. Хэвлэл мэдээллийн салбарт 16 дахь жилдээ ажиллаж байна. Сэтгүүл зүйн магистр зэрэгтэй, бизнесийн удирдлагын магистрантур. АНУ, Австрали, БНСУ-д мэргэжил дээшлүүлжээ.  GoGo.mn сайтад ерөнхий редактор, iKon.mn сайтын ерөнхий редактор, 2019, 2021 онд “Монгол ТВ” телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн чиглүүлэгчээр ажиллаж байжээ.

Д.Амгаланбаатар: “MMCG” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байгаад Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдсон.  Д.Амгаланбаатар гүйцэтгэх засаглалын тэргүүний ахалдаг Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны зөвлөхөөр ажиллаж буй юм.

Д.Дашням: “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Дашням Ерөнхий сайдад зөвлөж байна. Д.Дашням нь “Манангийн эсрэг түмний нэгдэл” ТББ, “Үндэсний аюулгүй байдал хөгжүүлэх судалгааны төв” ТББ, “Сонгогчдын хяналт, боловсрол судалгааны төв” ТББ, “Ногоон аврал сан”-гийн тэргүүнээр тус тус ажиллаж байв.

Д.Ирмүүн: МҮХАҮТ-ын дарга асан С.Дэмбэрэлийн хүү Д.Ирмүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөхөөр ажилладаг.  Д.Ирмүүн Австри улсын Залцбургийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Сангийн яаманд мэргэжилтэн, Эксим банкны холбоонд ахлах мэргэжилтэн, Хөрөнгө оруулалтын газарт газрын орлогч дарга, Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгт дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.

Э.Долгион: "Bloomberg TV Mongolia" телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан  Э.Долгион Ерөнхий сайдад зөвлөж байна. Засгийн газрын 200 хоногийн тайлан нэвтрүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Э.Долгионыг өөрийн зөвлөхөөр ажиллуулах саналыг тавьж байсан юм.  Э.Долгион нь мөн  Монголын сонинуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан билээ.

Б.Батбаатар: Тэрбээр “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын авторуудын нэг.  “Дотоод хүчээ ашиглан томоохон бүтээн байгуулалтуудыг хийх боломжтой болсон.  Хуучин ертөнц үндсэндээ алга болж, шинэ ертөнц төрөн гарах гэж байгаа энэ цаг үед “Алсын хараа-2050 мэндэлсэн, цаашид хэрэгжих бүрэн боломжтой” хэмээн тодорхойлж байв.

М.Ганхүлэг: 1990 оны залуу үеийн төлөөлөл.  Тэрбээр өмнө нь Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад нь мөн зөвлөхөөр ажиллаж байжээ.  МАН-ын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Т.БАТСАЙХАН