Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний яллагдагчаар татагдсан хэргүүд

Нийтэлсэн: Админ 2022-08-29 11:03:00

Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд, улс төрийн өндөр нөлөөлөл бүхий этгээдүүд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгосон хэргээр Авилгатай тэмцэх газар 83 хүнд хэрэг үүсгэн шалгаж дуусаад шүүхэд шүлжүүлэхэд бэлэн болоод байгаа. Энэ 83 хүний нэрсийг "эндээс харна уу".

Энэ жагсаалт мөн үргэлжлэх бөгөөд дахин 10 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал өгөөд байгаа юм байна. Нэлээд хэдэн зээлийн “хэрэг”-т хамааралтай нэлээд хэдэн хүн байгаагийн нэг нь өдгөөгийн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн юм. Тэрбээр яллагдагчаар татагдсан 83 хүний нэг. Мөн яллагдагчаар татагдах санал оруулаад байгаа арван хүний нэрсийн дотор Г.Дөлгөөн захирал байгаа юм.

Түүний хувьд 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байв. Тухайн зээл нь эрсдэлтэй эсэхэд үнэлгээ хийх гол ажлыг Г.Дөлгөөн хариуцаж байсан гэсэн үг. Топруулбал, энэ хугацаанд олгосон зээл эргэн төлөгдөөгүй, найдваргүй зээл болсон бол энэ нь Г.Дөлгөөнтэй шууд хамааралтай гэсэн үг. 

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.2-оор яллагдагчаар татсан бөгөөд “Пирамид орд ”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс”, “Инжир”, “Ганхүдэр орд”, “Болоршүр”, “Газ импорт”, “Бэрэн”, “Баруун баян транс” зэрэг аж ахуйн нэгжүүдийн авсан зээлд холбогдуулж байгаа юм. Харин яллагдагчаар татах санал оруулаад байгаа хэргүүд дээр Г.Дөлгөөнийг мөн л Эрүүгийн хуулийн 22.1.2-оор “Монгол драй милк” ХХК-ийн зээлд холбогдуулан шалгаж эхэлсэн байна.

 

Жич: Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл нь Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгтнийг ялладаг бөгөөд 22.1.2 нь “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээсэн байдаг.

 

Эх сурвалж "24tsag.mn" О.Балдан-Очир