АН-ын залуус: Нэг нь Баянгол дүүрэг, нөгөө нь МоАХ болчихлоо
АН-ын залуус уржигдар “АСЕМ”-д цуглав. Тэнд АЗХ-н оос “Монголын улс төрийн форум”-г зохион байгуулсан юм. Форум “Үндсэн хууль-Үлдээх үү, Өөрчлөх үү” сэдэвтэй байв. Энэ агуулгын дор илтгэл тавьцгааж, зарим дээр нь ширүүхэн ярьцгаажээ. Форум дээр С.Эрдэнийн АН, Х.Баттулгын АН-ыг дагасан, бас алийг нь ч барилгүй дунд нь явсан залуус цугласан байна. Хэлэлцүүлгээсээ илүү тэр нь анхаарал татсан юм. Магадгүй, форумын гол ач холбогдол энэ байж мэднэ.
Яваандаа АН-даа хэрэг болно. Яагаад гэвэл АН-ын хувьд УИХ дахь бүлэг нь ч, нам нь ч ихээхэн хэцүү болоод байгаа юм. Уржигдар залуусаа “АСЕМ”-д ийн бужигнаж байхад УИХ дахь бүлэг нь нэлээд будилаантайгаар “цэгцрэх” шиг болов. Бүлэг нь шинэ даргатай болсон. Гэхдээ бүлгээсээ сонгогдсон уу, өөр талаас томилогдсон уу бүү мэд. Энэ мэтийн эргэлзээ ихтэй л үлдлээ. Товчхондоо, АН иймэрхүү байдалтай байгаа юм. Тиймээс залуус нь цугларалт дээрээ энэ талаар ярьцгаасан байна.
Гэхдээ энэ тухай анх удаа тэнд ярьж байгаа юм биш. Угаасаа хэд хоногийн өмнө АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийг албан бусаар байгуулж, Лу.Гантөмөр удирдахаар болсон байдаг. Энэ талаар хэвлэлүүд мэдээлсэн. Эх сурвалжууд ярьж байна. АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд ч нийгмийн сүлжээнд “...Хоёр талд АН айл гэрдэж тоглоод суухын оронд дундаа ярилцаж нэг цул болох дээр алхам хийхгүй юм. Аль аль талд нь хоёр тийшээ харж суучихаад байгаа Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр улс төрийн соёл гаргаад зайгаа тавьж өгчихөөд намаа шинэчлэх боломжийг дараагийн үедээ даатгамаар байна. Үгүй бол АН гэдэг институт утгаараа дампуурч, Монгол сөрөг хүчингүй, үг хэлдэг хүнгүй болж эрх баригчид нь галзуурлаа” гэж хэлээд авсан.
Ер нь бол АН-ын залуусын энэ цугларалтыг зүгээр нэг форум төдий үйл ажиллагаа биш гэж харж буй хүн олон байна. Тухайлбал, “...АН-ын залуус ах нараасаа тусдаа нэгдлээ” гэх зэргээр дүгнэжээ. Үнэхээр ч АН-ын залуусын цугларалт дээр яригдсан зүйл үүнийг нотолж буй аж. Тэд “...Нэг нь Баянгол дүүрэг, нөгөө нь МоАХ болчихлоо” гэж ярьжээ. Энэ нь Эрдэнийн АН-ыг Баянгол дүүрэг, Баттулгын АН-ыг МоАХ хэмээсэн бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР