Ван И-гийн “ганзага”-наас Л.Оюун-Эрдэнэ “олз”-той үлдэв
Энэ зун манайх томчуудын даллагатай байна. Наадмын өмнө Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров ирээд явсан. Өчигдөр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ирлээ. Бас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчилж байна.
Ойрын үед бөөрөнхий дэлхийд гурвалжин, дөрвөлжин олон хурц үйл явдал өрнөлөө. Үргэлжилж л байна. Дэлхий геополитикийн тогтворгүй, ийм эмзэг үед ингэж цувж буй нь дэлхийн улс төртэй холбоотой байж таарна. Хөрш Хятад, Орос улсууд ийм үйл явдлуудын “гол дүр” болсон. Дунд нь манайх тусгаар тогтнон оршдог. Тэр утгаар нь хөөгөөд яривал их сонин зураг “зурж” болно. Өөрөөр хэлбэл, дараалсан айлчлалын ард томоохон хэмжээний улс төр байж таарна. Гэхдээ энэ тусдаа асуудал. Бидний хувьд тэр улс төрийн давалгаанд тусгаар тогтнолтойгоо үлдэх нь л чухал.
Харин ийм цаг үед яваад ирж байгаа хоёр хөршөөс сайн зуурах хэрэгтэй. “Юм” зулгааж үлдэх ёстой. Яагаад гэвэл, бид Орос, Хятадын дундах энэ газар нутаг дээрээс ачаалж аваад явчихгүй. Хамгийн гол нь манайх чинь Орос крант эргүүлэхэд шатахуун, унтраалга дарахад тог “нет” болдог. Хятад хилээ хаахад бусад хэрэглээ тасардаг. Эдийн засгийн хувьд хоёр хөршийнхөө шууд хараанд байдаг. Тийм л улс шүү дээ. Гашуун ч гэсэн ийм л үнэнтэй. Тиймээс бид “...Муусайн оросууд, хятадууд” гэж муулаад хол явахгүй. Дэлхийд яриад байгаа асуудлаар нь бүр ч чимээгүй байсан нь дээр. Харин тэдний айлчлал Монголд маш хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, С.Лавров, Ван И хоёр бол “...Аманд орж ирсэн шар тос” юм. Монголын төр хөршүүдийн энэ гол хүмүүсийн айлчлалыг хэр зэрэг ашиглаж чадаж байна вэ.
С.Лавровыг ирэхэд толгой дохиулж үлдсэн нэг том асуудал байна лээ. “...Эгийн голын усан цахилгаан станцаа барья. Энэ төслийг Орос улстай хамтран хэрэгжүүлье” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлжээ. С.Лавров дэмжихээ илэрхийлээд явсан байна. Энэ талаар Оросын талтай тохирсон гэхэд болно.
Гэхдээ Орос улс монголчуудын Эгийн голын усан цахилгаан станцыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэсэн хатуу байр суурьтай байж ирсэн. Энэ талаар ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргачихсан. Гэтэл Эгийн голын усан цахилгаан станцыг барих нь манай улсын том хувьд том стратеги болох гээд байдаг. Тог цахилгааны хувьд тусгаар тогтноно гэхээр арай том дуугарсан болох байх, гэхдээ л ойролцоо очно. Учир нь Эгийн голын усан цахилгаан станц Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцаас гурав дахин том, “ТЭЦ-4”-ийн тал гэсэн үг. Тийм хэмжээний цахилгаан үүсгүүртэй болохоор яах нь тодорхой биз. Тэгвэл уржигдар шөнө дөл болтол Ван И-тэй уулзсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр өглөө Эгийн голыг зорьжээ. Цахилгаан станцын төслийн газар дээр ажиллаад ирсэн байна. Өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй уулзаж, энэ талаар ярилцах төлөвлөгөөтэй байгаа талаар хэвлэлийн албаныхан нь хэлэв. Тэрбээр өнгөрсөн хавар, цагаан сарын өмнө Бээжингийн олимпийн нээлтэд оролцох үеэрээ А.Гутеррештэй уулзаж байжээ. Тэгэхдээ энэ Эгийн голын төслийг дэмжүүлэхээр гуйж байжээ. Одоо тэр гуйлтаа үргэлжлүүлэх бололтой.
Л.Оюун-Эрдэнэ А.Гутеррешийн өмнө Эгийн гол руу явчихсан бол Ван И-гийн айлчлалыг угтаад наадмын өмнөхөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц руу оччихоод ирсэн байдаг. Тэнд өнгөрсөн хавар бүтээн байгуулалт нь эхлэхтэй зэрэгцээд улс төрийн хатгаас бүхий үйл явдлууд өрнөсөн.
Тэр байтугай тус усан цахилгааны станцыг эсэргүүцсэн тогтоолыг ИТХ гаргаж, нэг багийн Засаг дарга Хятадын Элчинд “...Үүнийгээ зогсоо” гэсэн бичиг хүртэл явуулсан. Баллаж өгсөн. Харин Л.Оюун-Эрдэнэ очоод тэр хавиар нутаглаж байсан 200 гаруй өрхийн малчидтай уулзаж ойлголцсон. Нүүж суух нөхөн олговрыг шийдсэн. Улмаар өнгөрсөн долоо хоногт дээрх ИТХ, багийн дарга мэтийн нөхдүүд шиг этгээдүүд стратегийн төслүүдийг санаатай, санамсаргүй гацаавал хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзнэ гэсэн. Эхнээс нь шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасан байна.
Л.Оюун-Эрдэнэ Ван И-тэй уржигдар үдэш 3:30 цаг орчим уулзжээ. Тэр уулзалтын гол сэдвүүдийн нэг нь дээр хэлсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хөрөнгө санхүү байв. Засгийн газрын хэвлэлийн албаны албан ёсны мэдээлэлд “...Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцсон” гэж байна. Нэг үгээр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тухайд дахин наашаа, цаашаа яриа гарахгүй гэсэн үг.
Бас “...Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, Хангимандал боомтыг төмөр замаар холбох асуудлаарх манай талын хүсэлтийг Хятадын тал анхааралдаа авч, үргэлжлүүлэн ажиллахаар болов” гэж Засгийн газраас мэдээлжээ. Энэ хэдхэн үгтэй мэдээлэл маш том агуулгатай. Магадгүй, олон жил яригдсаар эл дол болсон ч байж мэднэ. Гэхдээ Хятадын Гадаад хэргийн сайд манайд ирээд ингэж хэлнэ гэдэг эцэслээд шийдэгдсэнтэй адил. Тэр “айл”-ын үг манайхаас өөр. Ва И-гийн үг “...Бандан тас” гэсэн үг. Гашуунсухайт-Ганцмод хил холбох терминал шийдэгдлээ гээд ойлгоход болно.
Манайхыг өдөр бүр талхны мөнгөтэй байлгадаг нүүрсний экспорт гэж бий. “...Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар болсон” гэж Засгийн газраас мэдээлжээ. Товчилбол, нүүрсний экспортыг огцом өсгөхөөр болжээ. Магадгүй, Ван И-гийн айлчлалын хамгийн том нь биш ч амттай нь энэ болсон байх. Манайд юу байна, нүүрс л байна. Юу мөнгө болдог вэ, нүүрс л хурдан мөнгө болно. Нүүрсээ зарж чадаж байвал бид “өлсөхгүй” гэдэг. Нэг үгээр, нүүрс бол манай “талхны мөнгө” юм.
Эдгээрээс гадна мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих зэрэг нэмүү өртөг шингээсэн хамтарсан төслүүдийн талаар ч яригджээ.
Үүнээс гадна, уулзалтын үеэр Ван И-гийн хэлсэн “албан бус” үгнүүд анхаарал татаж байгаа юм. Тэрбээр “...Ерөнхий сайд байн байн Гашуунсухайт, Даян гээд боомтууд руу, бас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц дээр очсон талаарх мэдээллүүдийг авсан” гээд “...Ерөнхий сайд боомтуудынхаа талаар нарийн мэдээлэлтэй байна. Миний бодлоор Монголд хурдтай ажилладаг шинэ үе гарч ирсэнийг ойлголоо. Ийм байхад Монгол их хурдтай хөгжих юм байна. Тиймээс бид ч бас ярилцаж тохирсон асуудлууд дээрээ хурдтай ажиллана” гэжээ.
Ерөнхийдөө Ван И-гийн айлчлалд монголчууд сэтгэл ханамжтай үлдлээ. “...Ван И-гийн ганзаганаас Л.Оюун-Эрдэнэ олзтой үлдлээ” гэцгээв. Эдийн засагчид ч эрхий хуруугаа гозойлгож байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин Б.Дамдин-Очир