“Эрдэнэс Тавантолгой” Б.Ганхуягийн эзэнт гүрэн болсон уу?

Нийтэлсэн: Админ 2022-08-03 10:07:00

Монгол Улсын эдийн засагт том нөлөө үзүүлдэг стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг ордын лиценз эзэмшигч нь “Эрдэнэс Тавантолгой” ХК. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн дийлэнх нь буюу эзэн нь монголчууд. Гэвч энэ бол цаасан дээр байдаг хийгээд цаашаа ярьж байх зүгээр л нэг гоёчилсон өгүүлбэр болчихоод байна.

Угтаа бол энэ компани эдийн засгийн болон эрх мэдлийн нөлөөллөөрөө “Эзэнт гүрэн” болчихоод буй бөгөөд эзнээр нь Б.Ганхуяг суугаад удаж байна. Б.Ганхуяг 2008-2012 онд Тавантолгой төслийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн, 2016-2018 он хүртэл Тэргүүн дэд захирал, 2018 оноос өнөөг хүртэл Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Ухамсарт амьдралынхаа дийлэнхийг энэ компанитай ингэж уясан Б.Ганхуяг өнөөдөр Монголын иргэд хувьцааг нь эзэмшдэг төрийн өмчит компанийн захирал бус, эзэнт гүрний хаан лугаа аашлах болжээ.

Хоёр сарын өмнө болсон ганцхан жишээг дурдъя. Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуяг IPO гаргах ажлаараа компанийхаа хоёр гурван даргыг, бас өөрийн эхнэрээ дагуулаад Их Британи руу явжээ. Компанийн ажлаар явсан болохоор компанийн захирал болон хамт явсан дарга нарынх нь зардал “Эрдэнэс Тавантолгой”-гоос гарч.

Тэр ч яахав хууль дүрмийн дагуу л юм байгаа биз, гэтэл “Эрдэнэс Тавантолгой”-н захирлын эхнэрийнх нь онгоц унаа, буудал савны бүхий л зардал компанийн “халаас”-наас гарсан байвал яахав. Энэ албан томилолт нь нэлээд “баар”-тай ч байж. Ирэх цагаа буруу тооцоолсноос онгоцноосоо хоцрох шахсан тэрбээр Монголд буумагцаа компанийхаа гадаад харилцааны мэргэжилтэнд хариуцлага тооцоод халчихаж.

Буцах цагийг нь буруу хэлснээс болж халсан хэмээж байгаа ч цаад шалтгаан нь бас өөр зүйл байсан гэдгийг компанийнхан нь өөр хоорондоо ярилцаж буй аж. Учир нь, Англи дахь албан томилолтод нь хамт явсан Б.Ганхуягийн эхнэр П.Бадамхандын чемодан алга болсон нь халаа сэлгээний гол учиг байж магад хэмээж байгаа аж. Буцах цагийг нь буруу хэлсэнд ч биш, эхнэрийнх нь тээш төөрсөнд л уураа гаргаж гадаад харилцааныхаа мэргэжилтнийг ажлаас нь чөлөөлсөн гэх юм билээ. Ингэж “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуяг эзэнт гүрний хаан мэтээр дүрэм журамгүй аашлах болжээ.

Арав шахуу чемодан чирч ирсэн л гэнэ, эхнэрийнх нь талаар тэнд нэг нислэгт хамт таарсан хүмүүс нь шивэр авир л гэнэ билээ. Хамгийн хачирхалтай нь тэр олон чемоданых нь нэг нь алга болсноос хамаг хэрэг мандаж. “Эрдэнэс Тавантолгой”-н хамгийн том даргын хайртай эхнэрийн чемоданыг алга болгосон хэрэгт гадаад харилцааны мэргэжилтэн хариуцлага хүлээсэн байгаа юм.

О.Амар