Дизель түлшний үнийн зөрүүд 6.5 тэрбумыг олгосноор улаанбуудай, гурилын үнийн өсөлтөөс сэргийлнэ

Нийтэлсэн: Админ 2022-07-27 13:48:00

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.


10 мянган тонн дизель түлшний үнийн зөрүүг ургацын гүйцэтгэлээр олгоно   

 

Улсын хэмжээнд намрын ургац хураалтын бэлтгэлийг хангахад онцгой анхаарч байна. Орон нутгаас ирж байгаа мэдээллээр Увс аймгаас бусад тариалангийн бүс нутгуудаар ургацын төлөв байдал сайн, болц хэвийн байгаа бөгөөд эрт ургацын төмс, хүнсний ногооны түүвэр хураалт эхэлсэн, үр тарианы хураалт 08 дугаар сарын 25-наас эхлэх төлөвтэй байна.

Манай улс жилд дунджаар хаврын тариалалтад 8-9 мянган тонн, ургац хураалтад 7-8 мянган тонн, хоёр удаагийн уринш боловсруулалтад 7-8 мянган тонн шатахуун хэрэглэдэг. Дизель түлшний жижиглэнгийн үнэ 2022 оны хаврын тариалалтын үед буюу өнгөрсөн тавдугаар сарын 04-ний өдөр 3380 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 4030 төгрөгийн үнэтэй болж 19.2 хувь буюу литр нь 650 төгрөгөөр нэмэгдсэн. Тиймээс улаанбуудай, гурил, хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах үүднээс намрын ургац хураалт, уринш боловсруулалтад шаардагдах 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үеийн түвшинд байлгахад шаардагдах үнийн зөрүү 6.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын нөөц сангаас ургац хураалтын гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр шийдвэрлэв. Ингэснээр ургац хураалтыг технологийн хугацаанд улсын хэмжээнд үр дүнтэй зохион байгуулах, шатахууны хангамжийг тогтвортой байлгах, гурилын үнийн өсөлтөөс сэргийлэх, үнийн өсөлтийг бууруулж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг дэмжинэ гэж тооцож байна.  

 

Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг тэглэх хугацааг сунгалаа

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийж 4,5,6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн Аи-92 автобензиний хил үнийг тонн тутамд 840 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн. Улмаар энэ оны долдугаар сард тус компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны 12 дугаар сарыг дуустал Аи-92 автобензиний үнийг тонн тутамд 830 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн юм. Ингэснээр 1 литр бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг 3728 төгрөгөөс 1338 төгрөгөөр бууруулж литр тутмыг 2390 төгрөгийн үнээр 2022 оныг дуустал тогтвортой байлгах боломж бүрдсэн. Иймд Аи-92 автобензиний жижиглэнгийн үнийн цаашдын өсөлтөөс сэргийлэх зорилгоор гаалийн албан татварын хувь хэмжээг “0” хувиар мөрдөх хугацааг “Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 161 дүгээр тогтоолын 1 дэх заалтад 2022 оны 08 дугаар сарын 1-ний өдөр хүртэл гэж байсныг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар боллоо.

 

Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлж, үр ашигтай хамтран ажиллана

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Сингапур улсад 2022 оны 07 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд хийсэн албан ёсны айлчлалын үр дүнг өнөөдрийн Засгийн газрын хурлаар хэлэлцлээ. Айлчлалын үеэр тус улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүнтэй албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Эдди Тео болон холбогдох яам, агентлагийн сайд, удирдлагуудтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзсан байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд 11 жилийн дараа тус улсад хэрэгжсэн албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог аж. 2019 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Сингапур улсад хийсэн айлчлалаар ярьж тохирсон ажлуудаа бодит ажил болгох, үр дүнгээ баталгаажуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  энэ удаа чухалчилсан байна. 

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх чиглэлд Сингапурын хөрөнгө оруулалт, ноу хау, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, цахим шилжилт, хуримтлалын сан, нийтийн орон сууцжуулалт, төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, ухаалаг нэгдсэн системийг нэвтрүүлэх замаар авто замын түгжрэлийг шийдвэрлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд тус улсын сайн туршлагыг Монголд нутагшуулах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар үр ашигтай хамтран ажиллахаар тогтжээ.

 

Ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

 

Ойрын жилүүдэд манай орны ойн экосистемд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлж буй үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь хөнөөлт шавж, өвчний хөнөөл буюу утаагүй түймэр болоод байна. Улсын хэмжээнд 16 аймгийн 109 сум, Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн нийт 732.7 мянган га талбайд ойн хөнөөлт шавж хэт олширч хөнөөл учруулах болсон нь зайлшгүй арга хэмжээ авахад хүргэжээ. Хөнөөлт шавжтай хэрхэн тэмцэх нарийвчилсан судалгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд хийж дууссан байна. Энэ асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хурлаар хэлэлцээд Ойн тухай хуулийн 27.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5.4-т заасныг үндэслэн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд зайлшгүй шаардлагатай 600 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах тухай тогтоолыг баталлаа.

 

Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг түр хугацаанд авто замаар татаж авна

 

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг төмөр замаар тээвэрлэх, түр хугацаанд авто тээврээр тээвэрлэх асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан ЗТХЯ, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “УБТЗ” ХНН, “Эрдэнэс тавантолгой” ХХК, “Таван толгой түлш” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгийнхэн энэ сарын 22-24-ний өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймагт ажилласан байна. Энэ хүрээнд орон нутгийн удирдлагын зүгээс сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг нэг тэнхлэг дээрх ачааг 11 тонн байхаар тооцож авто замаар тээвэрлэх, шөнийн цагаар тээвэрлэлт хийхгүй байх, шороон замын маршрут гаргаж тээвэрлэлт хийх, төмөр замын ачилт, буулгалтын барилга угсралтын ажил дуусах буюу ирэх есдүгээр сарын 15 хүртэл авто тээврээр түр хугацаанд тээвэрлэхээр болсон талаар орон нутгийн иргэд, малчдад мэдээлэл өгөх зэрэгт анхаарч ажиллахаар болжээ. 

 

Товч мэдээ

 

- Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлээд гурван сар болсонтой холбогдуулан тус хуулийн хэрэгжилтийг шалгах,

- Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудын гэм буруутэй эсэхийг шалгаж тогтоох,

- Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн яам, Авлигатай тэмцэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох яам, агентлагуудад Ерөнхий сайд үүрэг болгов.   

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР