Хуулиас том сайд Г.Ёндонгийн хууль бус үйл ажиллагаа
Монгол Улсын хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдэг худлаа. Хууль эгэл ард, шударга хөдөлмөрт хатуу, харин хонины арьс нөмөр чоно гэдэг шиг "ардын" нэр зүүсэн Засгийн газрын зарим сайд, дарга нарт сараачсан цаас төдий зүй гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон үлгэрлэн харуулж байна.
Тэрбээр сайдын алба хаших болсон цагаас хойш үндэсний 20, 30-аар тоологдох компанийг дампууралд хөтлөх нөхцөл байдал үүсгээд байгаа. Хуулиараа улсын тусгай хэрэгцээнд авсан газарт үйл ажиллагаа явуулж байсан компаниудад улс нөхөн олговор олгох ёстой. Жишээ нь, Ашигт малтмалын хуульд энэ талаар маш тодорхой заалтууд байгаа. Харамсалтай нь Үндсэн хууль, Ашигт малмалтын хуулиас эхлээд Захиргааны хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх зэрэг төрийн хууль, тогтоомжууд сайд Г.Ёндонд жижигддэг ажээ.
Г.Ёндон сайд өнгөрсөн хугацаанд улсын тусгай хэрэгцээнд авсан газарт үйл ажиллагаа эрхэлж байсан 20 гаруй компанийн асуудлыг хав дарсаар ирсэн бөгөөд арга ядсан дотоодын хөрөнгө оруулагчид Үндсэн хуулиар олгогдсон шударгаар бизнес хийх эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан байдаг. Шүүх ч үндэсний компаниудын нэхэмжлэлийг хангаж, нөхөн олговор олгох асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэр сайдад даалгасан.
Адгийн зарга 10 хоног гэгчээр бүр гурван шатны шүүхээр шийдвэр нь гарчихсан энэ асуудлыг Г.Ёндон сайд өнөөдрийг хүртэл дарсаар байгаа нь ардаа том хардлага дагуулж байгаа юм. Эрхэм сайд эс мэдсэн ч, мэдсэн ч энэ бол шүүхийн шийдвэр хуулиар ялгаагүй заавал биелэх ёстойг зөрчиж буй үйлдэл. Бүр эсвэл эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглаж, Монгол Улсын хууль, шүүхийн шийдвэрийг зөрчихөд хүргэх том ашиг сонирхол байгаа гэлтэй.
Эдийн засгийн утгаар энэ бол Засгийн газрын ажлын байр дэмжих, шинэ сэргэлтийг авчрах бодлогоос илтэд зөрсөн явдал. Цаашлаад 20 гаруй татвар төлөгчийн эрх ашгийг хясан боогдуулсан хууль бус үйлдэл бөгөөд дотоодын хөрөнгө оруулагчдын өнгөрсөн хугацаанд зарцуулсан хөрөнгө, цаг хугацаа, элэгдэл хорогдол, хөлс хүчээ зарцуулсан олон мянган ажилтны хөдөлмөрийн хөлсийг төр олгох ёстой. Тэгвэл үүнийг хангах ёстой албан тушаалтан нь төрийн нэрийн өмнөөс захиргааны шийдвэр гаргах эрх эдэлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тамга атгаж суугаа Г.Ёндон юм. Гэтэл түүний энэ эрх ямба хууль, шүүхийн шийдвэрээс том байж болох уу.
Нөгөө талаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага бол ШШГЕГ. Шүүх өөрөө хэнээс ч хараат бусаар шийдвэр гаргаж байгаа. Тэр шийдвэрийг ШШГЕГ хэнээс ч хараат бусаар, гагцхүү хуулийн дагуу биелүүлэх ёстой. Өнөөдрийн нөхцөлд ШШГЕГ-ыг ХЗДХЯ-ны харьяанд байлгаж байгаа нь системийн алдаа боловч тус агентлагийн удирлагыг Засгийн газрын хуралдаанаас танхимын зарчмаар томилдог.
Тэгэхээр нэг танхимд суугаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Уул уурхайн сайд Г.Ёндонгоос шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардах ёстой. Хууль мэддэггүй сайддаа Хууль зүй, дотоод хэргийн сайд ойлгуулаад өгмөөрсөн. Энэ тохиолдолд хуулийн хэрэгжилтийг уяж, шүүхийн шийдвэрийг замаас нь замхруулдаг харьяа агентлагийнхаа асуудлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэх л асуудал үлдэж байна. Эцэст нь төр, ард түмний өмнө өргөсөн тангарагаасаа няцсан Г.Ёндон сайдад хариуцлага тооцох асуудал яригдана.
Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүд “... Би Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөснийг эргэн сануулах илүүц. Гэтэл Г.Ёндон сайдын өнгөрсөн хугацааны ажлын үр дүн, явуулсан үйл ажиллагаа Засгийн газрын тангарагийг зөрчөөс зогсохгүй, хангалтгүй байлаа.
Ардын намын арын эгнээний улстөрч, "Монросцеветмент" компанийг удирдаж байхдаа улсын мөнгөөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийж, ёс зүй, ашиг сонирхлын зөрчил гаргасан Г.Ёндон анх 2019 онд У.Хүрэлсүхийн татаасаар "ардын" Засгийн газарт сайд болж, Л.Оюун-Эрдэний Засгийн газарт "одоо л ажил хийнэ" гэх амлалт өгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар улирсан. Гэвч өнгөрсөн хугацаанд Монгол эдийн засгийг нуруундаа үүрдэг уул уурхайн салбар үндсэндээ зогссон. Уул уурхайн салбарын хүндрэл үндэсий орлогыг бууруулахын зэрэгцээ шатахууны хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалан иргэдийн халаас нимгэрсний амьд гэрч нь та бид болж байна. Эдгээр нийгэм, эдийн засгийн хямралт нөхцөл байдал уул уурхайн салбарт чадварлаг удирдлага дутагдаж байгааг харуулсаар байгаа.
Эх сурвалж: "24tsag.mn" О.Балдан-Очир