Г.Ёндонгийн завхруулсан Монголын хууль
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дөрвөн жилийн өмнө бичсэн “Хууль засаглах уу, Хувь хүн захирах уу?” гэсэн нийтлэл өдгөө ч baabar.mn-ийн нийтлэлчдийн буланд байх ажээ. Эрх мэдэлтний өмнө хүчгүйдэж, хуулиас илүү хүн засаглаж буйг шүүмжилсэн тэрхүү нийтлэлд хэд хэдэн орхиж боломгүй санаа хадгалаатай үлджээ. Цухас танилцуулбал, “...Яагаад зарим улс орон цэцэглэн хөгжиж, зарим нь уруудан доройтдог вэ?
Хуулийн засаглалтай нийгэмд хариуцлагатай засаглал төлөвшиж, жам ёсны өрсөлдөөнт бизнес, эдийн засгийн орчин бүрддэг. Үр дүн нь тогтвортой хөгжил юм.
Эрх мэдэлтэн, эд хөрөнгөтөнд хууль цааз үйлчлэхгүй бол авилгал гааран, далд эдийн засаг цэцэглэж, баялаг хэт цөөнхөд төвлөрөөд, нийгэм ширэнгэн ойн дүрэмд шилждэг. Үр дүн нь сүйрэл улмаар хувьсгал юм.
Үүнийг төрийн онолын нэрт судлаач Фрэнсис Фукуяма:
“Хэрэв хууль цааз нийгмийн хүчирхэг элитүүдэд хэрэгжихгүй эсвэл хамгийн хүчирхэг тоглогч төрийн эрх мэдэлтэнд тохируулж үйлчилвэл шударга ёс, иргэдийн эрх, хувийн өмчийн талаар ярих боломжгүй” гэж гайхалтай олж хэлсэн байдаг...”.
Ерөнхий сайд ингэж бичиж байж! Тэгвэл хууль бус, хүн засагласнаар улс орон уруудан доройтдог, хөгжил цэцэглэлт холдон оддог тухай түүний анхааруулга харамсалтай нь өдгөө ч, өөрийнх нь Засгийн газрын танхимд амь бөхтэй оршсоор зогсохгүй, улам бүр нахиалан дэлгэрч байх юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнийг мэддэг болов уу?!
Юм уг нь их энгийн. Бүгд хуулийн дагуу байхад аяндаа болчихдог юм. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд л ажил урагшилчихдаг. Гэтэл хуулийг гардан хэрэгжүүлэх учиртай энэ Засгийн газарт хуулийг гардан завхруулагч ганцаар тогтохгүй байна. Тэдний сонгодог төлөөлөл нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон.
Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Монголын төрд “байршуулсан” Г.Ёндонгийн улс төрийн намтар тун богинохон. Ердөө л Ерөнхийлөгчтэй нэг ангид сурч байсан найз нь гэх. Тиймээс ч тэр УИХ-ын чуулганд тааллаараа оролцдог Ерөнхийлөгчтэй адилаар салбарынхаа ажилд ч тааллаараа “ханддаг” бололтой. Түүнд хууль хэрэгжиж байна уу, хэрэгжихгүй байна уу гэдэг тийм ч сонин биш ажгуу.
Улсаараа нефть бүтээгдэхүүнгүй болж, хязгаарлалтад орох үед ч тэр тоогоогүй. Ид бүтээн байгуулалтын үед шатахуун, дизель түлшний үнэ литр нь 4000 төгрөг рүү дөхөж огцом өсөхөд ч тэр ган хийсэнгүй. Уг нь түүнийг ажил авах үеэс шатахууны үнэ даруй хоёр дахин нэмэгдээд байхад өөр сайд байсан бол хэдийнэ огцорчих байсан биз.
Ерөөсөө Г.Ёндон бол эс үйлдлээрээ хуулийг үргэлж хүчгүйдүүлж, ажлыг үргэлж нурааж байдаг хүн юм шиг ээ. Нефть бүтээгдэхүүнээр нэг улсаас бараг 100 хувь хамааралтай байж, “Роснефть”-ийнхэнтэй хэлэлцээ хийхээс хойш сууж байсан тухай яригддаг. Энэ эс үйлдэл нь Монголын эдийн засагт мэс мэт хүндээр тусаж буйг тэр ойлгохгүй л явна. Бүх зүйлийн суурь үнэ өсөж, инфляц 15 хувь даваад буйд шатахууны үнийн өсөлт онцгой нөлөөтэй нь үнэн юмдаг.
Ард түмний бүгдийнх нь нүдэнд ил буй шатахууны асуудлаар ингэж чадаж байгаа хүн, нийтийн мэдэхгүй байгаа ажлуудад яаж ханддаг бол оо? Ямар боловч Монголын эдийн засгийг нуруундаа үүрч, экспортын 90 гаруй хувийг дангаар бүрдүүлж буй уул уурхайн салбарт бол тэр “хоноцын сэтгэл” ч гаргах хэмжээнд ажиллахгүй байгаа нь үнэн юмдаг. Өчнөөн хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа зарцуулж хайгуул хийсэн талбайг “Улсын тусгай хэрэгцээн”-д авах нэрээр баялаг бүтээгчдээс шууд л булаадаг болсон. Үнэхээр тусгай хэрэгцээнд авч байгаа бол тохирсон нөхөн олговрыг төр өгөх ёстой гээд Ашигт малтмалын тухай хуульд заагаад, уг асуудлыг нь Монгол Улсын шүүх ч шийдээд цагаан дээр хараар албажуулаад өгчихсөн байдаг. Гэвч Г.Ёндон сайд 20 гаруй компанид хуулиар баталгаажсан нөхөн олговрыг олголгүй тас гэдийгээд сууж байгаа гэх. Уг нь, Г.Ёндон сайдад гурван шатны шүүхээс аж ахуйн нэгжүүдийг алдагдалгүй болгохыг үүрэг болгосон тогтоол гарчихсан. Үүгээр ч зогсохгүй хуулийн ийм, ийм шаардлагыг биелүүл гээд өөрт нь маш тодорхой үүрэг өгөгдчихсөн байдаг юм билээ. Угаасаа шүүхийн шийдвэр тэгж л гардаг. Тэгвэл тэгчихээрэй, ингэвэл ингэчихээрэй гэж салаа утгатай хэзээ ч гардаггүй. Гэтэл Г.Ёндон сайд шүүхийн алх цохиод гаргачихсан эцсийн шийдвэрийг биелүүлэхгүй, хэрэв биелүүлэхдээ тулбал би өөрөөр шийднэ гэж зүтгэж суугаа гэх. Ухаандаа, хүн алсан хүнд хорих ял онооно гэж шүүх шийдвэрлэчихээд байхад, “Үгүй ээ, би торгоод явуулчихъя” гээд муйхраар зүтгээд байж болохгүй биз дээ. Г.Ёндон шүүхийн шийдвэрт яг л ингэж хандаж, Монголын хуулийг завхруулж суугаа гэх.
Ердөө хоёрхон жишээнээс харахад, Монголд хууль засаглаж байна уу, хувь хүн захирч байна уу гэдэгт хангалттай хариулт гарч ирж байна. Хуулийг хэрэгжүүлэх ёстой сайд Г.Ёндон, хууль хэрэгжүүлэхийг шаардсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй суугаагаас үзэхэд Ерөнхий сайдын дөрвөн жилийн өмнө бичиж байсан анхааруулга одоо ч амь бөх оршсоор байгаа юм биш үү!
Нөгөөтэйгүүр, Засгийн газрын танхимд ч “хуулийн биш, хүний засаглал” амь бөх оршсоор байгаа нь Г.Ёндон мэтийг хөхиүлэн дэмждэг өөр сайд нар байдагтай холбоотой байж мэднэ. Хэн ч харсан ойлгомжтой ийм дүгнэлтийг хийх болсон шалтгаанаа одоо тайлбарлая.
Монгол Улсад шүүхийг хараат бус байхаар хуульчилсан атлаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа өгчихсөн. Системийн энэхүү завхрал хуулийг хууль шиг хэрэгжихэд онцгой гай болж байгааг сонгодог утгаар нь бид харж байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг биелүүлэх чиг үүрэг бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Г.Ёндон сайдын журмын нөхөр, Засгийн газрын гишүүн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын “халаас”-нд байдаг. Энэ ч утгаараа хэрэв Х.Нямбаатар сайд хүсвэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх онцгой эрхийг хэн нэгэнд эдлүүлэх боломжтой нь ч юм шиг харагдаад байгаа юм. Чухам ямар учраас Х.Нямбаатар сайдын Хууль зүй, дотоод хэргийн яам Г.Ёндон сайдын дээрх хууль бус үйлдлийг харсан ч хараагүй мэт өнгөрч, хүлцэнгүй байгаагийн учир шалтгаан хийгээд, үүнд нөлөөлж буй гаднын хүчин зүйл, эрх ашгийн талаар бид илүү дэлгэрэнгүй судлан цаг тухайд нь уншигч та бүгдэд мэдээллэх болно.
Эх сурвалж: 24tsag.mn О.Балдан-Очир