Нийслэлийн эрх зүйн байдлыг шинэчлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагналаа

Нийтэлсэн: Админ 2022-04-06 11:00:07

НИТХ-ын тогтоолоор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор /PhD/ Д.Ганзориг болон Хууль зүйн ухааны доктор (S.J.D), дэд профессор А.Бямбажаргал нарыг “Хангарди” одонгоор шагнасныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр гардууллаа.

“Хангарди” одонгоор шагнуулсан Д.Ганзориг, А.Бямбажаргал нар нь 2021 онд шинэчлэн баталсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн Ажлын хэсэгт ажилласан. Тодруулбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор /PhD/ Д.Ганзориг нь 1994, 2021 онуудад баталсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн Ажлын хэсэгт ажилласнаас гадна Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болоод Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Харин МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор (S.J.D), дэд профессор А.Бямбажаргал нь Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн процессын эрх зүй болоод харьцуулсан эрх зүйгээр мэргэшжээ.

Ийнхүү нийслэлийн эрх зүйн байдлыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулан, түүх бичилцсэн дээрх эрхмүүдэд нийслэлийн удирдлагууд талархлаа илэрхийлэв. 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР