Г.Занданшатар: Түмнээ төлөөлсөн Төрийн түшээд бидний үүрэг, басхүү бэлгэ дэмбэрэл шингэсэн үйл явдал болно гэж үзэж байна
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын намрын чуулган завсарлаад хэдхэн хонож байгаа ч хойшлуулж боломгүй чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна.
Монгол түмний олон зууны түүхтэй уламжлалт өв соёлын баяр Хаврын тэргүүн сарын Шинийн 1 буюу Цагаан сар удахгүй болох гэж байна.
Гэсэн ч сүүлийн 2 жил үргэлжилж буй халдварт цар тахлын сөрөг нөлөө улсын эдийн засагт ч, иргэдийн амьжиргаанд ч сүүдрээ тусгасаар байна. Омикроны шинэ давалгаа үүсэж, өвчлөл халдвар нэмэгдэж байгаагийн улмаас Цагаан сараа хязгаарлагдмал хүрээнд тэмдэглэхээс өөр аргагүй боллоо.
Улсын Их Хурал, Засгийн газраас шат дараатай бодлого, хууль, шийдвэр гарган, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Монгол Улсын энэ чиглэлд зарцуулсан хөрөнгийн хэмжээ дэлхийн дунджаас дээгүүр байгаа юм.
Үүний үр дүнд 2020 онд агшсан эдийн засаг 2021 оны эхний хагаст 6.3 хувь өсөж, сэргэлт идэвхжиж эхэлсэн билээ. 2021 оны 3-р улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 3.6 хувьтай байна. Экспортын орлого түүхэндээ анх удаа 9.2 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлогын төлөвлөгөө давж биелж, Нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 322.3 тэрбум төгрөгөөр давж биелжээ.
Энэ мэт эерэг үзүүлэлтүүд байгаа хэдий ч оны сүүлийн хагаст үүссэн тээвэр логистикийн түгжрэл гацаа, зардлын өсөлт зэрэгтэй холбоотойгоор экспорт, гадаад дотоод худалдаа хумигдаж, үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаанд саад бэрхшээл учруулаад байна. Дэлхий нийтээрээ үнийн өсөлттэй тулгарч байна. Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд таагүй нөлөөлж байна.
Энэ сөрөг нөлөөлөлд хамгийн их өртөж байгаа хүмүүс бол тэтгэврийн орлогоороо амьдардаг өндөр настнууд, халамж тэтгэмж зайлшгүй шаардлагатай иргэд юм.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг гаргаж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.
Монголчууд азай буурал ахмадууд, асрамж дэмжлэг шаардлагатай ахан дүүсээ ачлан энэрдэг, Сар шинийн баяраар тэдэндээ хамгийн дээд хүндлэл үзүүлдэг сайхан уламжлалтай ард түмэн.
Энэхүү төрийн энэрэл, уламжлалт ёсоо бодож, Монгол Улсын 2022 оны төсөв болон Нийгмийн даатгалын сангийн төсөвт тодотгол хийн, хөрөнгө оруулалтын зарим зардлаа танах замаар эх үүсвэр бүрдүүлэн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр Засгийн газар шийдвэрлэж, хуулийн төслийг өнөөдөр өргөн бариад байна.
Монголын төр үхэр жилийн босгон дээр ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж байсан бол бар жилийн босгон дээр тэтгэврийг нь нэмэгдүүлэх шийдвэр гаргах гэж байна. Усан бар жил Монгол Улсын хувьд “Шинэ сэргэлт”-ийн он байх болно. Энэхүү шинэ гарааны эхэн дээр ахмадууддаа ач санасан шийдвэр гаргах нь Түмнээ төлөөлсөн Төрийн түшээд бидний үүрэг, басхүү бэлгэ дэмбэрэл шингэсэн үйл явдал болно гэж үзэж байна.
Цагаан сарын босгон дээр “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоол Улсын Их Хурал, Засгийн газрын нэгдсэн чармайлтын үр дүнд амжилттай хэрэгжиж, тус ордын Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, Дубайн гэрээг цуцлахаар шийдвэрлэлээ. Гүний уурхайн бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ. Уурхай ашиглалтад орох хүртэлх зардлыг “Рио Тинто” компани бүрэн хариуцахаар боллоо.
2023 оны эхний улиралд гүний уурхай ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд орох өндөр технологийн уурхайтай болж, улсын эдийн засаг, төсөвт орох өгөөж дор хаяж 3 дахин нэмэгдэнэ хэмээн төсөөлж, төлөвлөж байна.
Энэ мэт улсаа өөд татах, иргэдээ сэтгэл дүүрэн байлгах төр, засгийн бодлого урагштай байгаад сэтгэл нэн таатай байна.
Тиймээс энэхүү чухал шийдвэрийг хэлэлцэн батлах ээлжит бус чуулганы үйл ажиллагаанд Эрхэм гишүүд Та бүхнийг идэвх санаачилгатай, ажил хэрэгчээр оролцохыг хүсье.
УИХ-ын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.