Монгол Улсын Оюуны өмчийн газар, ОХУ-ын Холбооны оюуны өмчийн албатай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улс (ОХУ)-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монгол Улсын Оюуны өмчийн газар, Оросын Холбооны Улсын Холбооны оюуны өмчийн алба хоорондын Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Москва хотод боллоо.
Хоёр талын Оюуны өмчийн газрууд нь 2003 онд байгуулсан хамтран ажиллах хэлэлцээрийн хүрээнд харилцан туршлага, мэдээлэл, мэргэжилтэн солилцох, хамтарсан хурал, зөвлөгөөн зохион байгуулж ирсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэх, хувьсан өөрчлөгдөж буй оюуны өмчийн орчинд нийцүүлэх, хоёр талын цахим хөгжлийн зорилттой уялдуулах зорилгоор хэлэлцээрийг шинэчлэн байгуулж байгаа юм.
ОХУ-ын Холбооны Оюуны өмчийн алба нь тус улсын Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа холбооны агентлаг бөгөөд Холбооны Оюуны өмчийн албаны бүрэлдэхүүнд Аж үйлдвэрийн өмчийн хүрээлэн, ОХУ-ын Оюуны өмчийн академи, Цэргийн болон тусгай ба хос зориулалтын оюуны үйл ажиллагааг хамгаалах холбооны агентлаг тус тус багтдаг байна. Холбооны Оюуны өмчийн алба нь үйл ажиллагааг цахимжуулах, хайлт шүүлтийн хугацааг богиносгох, эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр сүүлийн жилүүдэд өндөр үр дүнд хүрч ажиллаж байгаа бөгөөд оюуны өмчийн эрхийн дотоод, гадаадын мэдүүлгийн тоогоороо дэлхийд 8-д ордог, дэлхийн топ 10 албаны нэг юм. Тухайлбал, тус алба нь 2017 оны байдлаар барааны тэмдгийн хайлт шүүлтийн хугацааг 8.9 сар, шинэ бүтээлийн хайлт шүүлтийн хугацааг 9.2 сар болгон бууруулсан ба хүлээгдэж буй патентын хайлт шүүлт (32’877 мэдүүлэг)-ийг 2019 оны үзүүлэлтээс 12%-иар бууруулжээ. Тус алба 2020 оны жилийн эцсийн байдлаар шинэ бүтээлийн 34,984 мэдүүлэг, ашигтай загварын 9195 мэдүүлэг, барааны тэмдгийн 93’926 мэдүүлэг хүлээн авчээ.