“ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨР”
1. Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр
Жил бүрийн энэ өдрийг дэлхий даяар “ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд Коронавирус (Covid-19) цар тахлын улмаас дэлхийн улс орнууд дархлаажуулалтын аянг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улс орон бүр чанарын аюулгүй байдлыг хангасан вакцинаар ард иргэдээ дархлаажуулах нь нэн чухал байгаа тул олон улсын гэрээ – Монреалийн протокол, түүний Кигалийн нэмэлт өөрчлөлтийн үр дүн нь бидэнд хоол, хүнс, вакциныг аюулгүй хадгалах эрчим хүчний үр ашигтай хүйтэн хэлхээгээр хангаж байна. Монреалийн протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтөөр озон задалдаг бодисыг орлуулан хэрэглэж буй дэлхийн дулааралд нөлөө бүхий гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC)-ийн төрлийн бодисуудыг бууруулах боломжийг бий болгосон.
Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол нь 1987 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр анх 24 орон гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, НҮБ-аас тухайн өдрийг “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр” болгон тунхаглажээ. Өнөөдөр тус протокол, түүний эх конвенц болох Озоны давхаргыг хамгаалах Венийн Конвенц нь 198 орон буюу Дэлхийн бүх улс орон нэгдэн орсон анхны гэрээ юм.
2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Монреалийн Протокол хүн төрөлхтөн, хоол хүнсний аюулгүй байдлыг хамгаалж, вакцины хөргөлтийг хангаж байна!” (Keeping us, food, vaccine cool!) сэдвийн дор Дэлхийн озоны өдрийг тэмдэглэж байна.
2. Вакцин, эм тарианы хөргөлт
Дэлхий нийтээр тархаад байгаа Ковид-19 цар тахалтай тэмцэх гол хэрэгсэл бол вакцин болж байна. Монреалийн протоколоор зохицуулагдаж байгаа хөргөх бодис ашигладаг хүйтэн хэлхээ нь вакциныг зохистой температурт аюулгүй хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэж байна. Вакциныг +2°C-аас +8°C-д хадгалах, зөөж тээвэрлэх ёстой ба эрүүл мэндийн салбарын ажилтнууд вакцины температурыг үргэлж хянан, бүртгэл хөтлөх үүрэгтэй байдаг. Эм ханган нийлүүлэх байгууллагууд мөн зарим төрлийн эмийг зохистой температурт хадгалах шаардлага тавьдаг. 2021 оны II улиралын байдлаар Монгол Улсад R600a, R290, R1150, R170 зэрэг хөргөх бодис бүхий нийт 157 ширхэг эмнэлэг, лабораторийн зориулалттай хөргөх, хөлдөөх төхөөрөмжийг импортлон нийлүүлсэн байна.
3. Хүйтэн хэлхээний технологиуд
“Хүйтэн хэлхээ” нь бүтээгдэхүүнийг худалдааны орчинд үйлчлүүлэгчийн гарт очих эсхүл хөргөлттэй тээврээр хүрэх газарт тээвэрлэх хүртэлх хоол, хүнсийг хадгалах шат дамжлагыг хэлдэг. Жимс, хүнсний ногоо хураах, эсвэл мал нядлахаас эхлэн бүтээгдэхүүн мууддаг бөгөөд энэхүү үйл явцыг бүтээгдэхүүн хадгалах температурыг зөв тааруулснаар удаашруулдаг. Хүйтэн хэлхээ нь хүнсийг аюул багатайгаар тээвэрлэх боломжийг олгодог.
Дэлхий даяар 400 орчим сая тонн хүнсний бүтээгдэхүүнийг хөргөн хадгалдаг ба нийт 600 сая м3 хэмжээтэй хөргөлттэй агуулах оршдог. Олон улсын хөргөлтийн байгууллагын (IIR) мэдээлж буйгаар дэлхий даяар ашиглаж буй нийт хөргөлт, агааржуулалт, дулааны шахуургат системийн тоо нь 3 тэрбум ба үүнээс 1.5 тэрбум нь ахуйн хөргөгч хөлдөөгч, 90 сая нь худалдаа, нийтийн хоолны хөргөх, хөлдөөх төхөөрөмж (хөргөлтийн гадна машин, тавцан, лангуу, шүүгээ мөн хөргөлтийн иж бүрдэл) байна. Үүнээс гадна уг тоо хэмжээнд хөргөлттэй машинууд (ачааны автомашин, чингэлэг, хагас чиргүүл), 1.2 сая хөргөлттэй хөлөг онгоц, 477.000 супермаркетын хөргөлттэй машин багтах ба 500-20.000 м2 хүртэлх талбайн ашиглалттай бөгөөд үүнд зарцуулж буй эрчим хүчний 45 хувийг хөргөлтийн тоног төхөөрөмж эзэлж байна. Дэлхий даяар дараах хүйтэн хэлхээний технологиудыг нэвтрүүлэн ашиглаж байна.
-
Хүйтэн зоорь ба хөргөх агуулах
Үйлдвэрийн хөргөлтийн салбарт хүнсийг тохиромжтой температурт олон сараар хөргөх, хөлдөөх агуулахад хадгалах боломжтой бөгөөд хөргөх агуулах нь -1-ээс -12 °C-т, хөлдөөх агуулах нь -18 °C-т тус тус ажилладаг. Хүйтэн агуулахууд нь эрчим хүчний зарцуулалт ихтэй бөгөөд түүнийг багасгах эсвэл эрчим хүчний бага тарифтай цагаар ажиллуулж, хөргөх агуулахуудын зардлын нүүрсхүчлийн хийн шууд болон дам ялгарлыг бууруулах боломжтой. Судалгаагаар хүйтэн агуулахын цахилгаан эрчим хүчний 60-70 хувийг хөргөлтөнд зарцуулдаг. Хөргөх бодисыг хөргөх агуулахад алдах нь мөн дам ялгаралд багтах бөгөөд дэлхийн дулааралд нөлөө багатай хөргөх бодисыг одоогийн зах зээлд ашиглах асуудлыг хөнддөг. Үйлдвэрлэлийн хөргөлтөөс (хөргөх агуулахыг оруулан) жил бүр 8% хөргөх бодисыг агаарт алддаг гэсэн судалгаа бий. Техникийн ажилтнууын чадамж, мэргэшлийг дээшлүүлэн сургах нь хөргөх бодис алдах эрсдлийг бууруулах боломжтой. Дам ялгарал нь эрчим хүчний зарцуулалтаас үүсэх ба үүнийг сайн арга туршлага, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, сэлбэгээр дамжуулан шийдвэрлэх боломжтой.
-
Худалдаа, нийтийн хоолны хөргөх төхөөрөмж, ахуйн хөргөгч хөлдөөгч
Худалдаа, нийтийн хоолны хөргөх төхөөрөмж, ахуйн хөргөгч хөлдөөгчийг хоол, хүнсийг худалдааны цэгүүдэд хадгалах эсвэл хэрэглэгч худалдан авах хүйтэн хэлхээний эцсийн үе шатуудад ашигладаг. Худалдааны хөргөлт нь хэрэглэгч лангуун дээрээс худалдан авалт хийх боломжтой супермаркет, нэрийн дэлгүүр, баар, ресторануудыг хамрах ба хөргөгч -1-ээс -5°C-т ажиллах, хөлдөөгч -15°C-т ажиллах ёстой. Энэхүү хөргөх хэлхээний төрөлд температурыг тааруулах, эрчим хүчийг бууруулах гэсэн үндсэн асуудлууд үүсэх хэдий ч эрчим хүчийг дээрх арга барилыг ашиглан бууруулах боломжтой гэж судлаачид үзэж байна.
-
Хоол, хүнс үйлдвэрлэлтийн хөргөлт
Хэрэглэгчид нь тээвэр, худалдаа, ахуйн хөргөлттэй холбоотой хүйтэн хэлхээг гол төлөв ашигладаг. Гэвч хөргөлтийг түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүнийг хадгалах, хоол хүнс боловсруулах, хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрт өргөнөөр ашиглана. Ялангуяа боловсруулсан хоол, хүнсэнд агуулагдах хүнсний бичил биетэн, шим тэжээлт чанарыг хадгалахын тулд хүнсийг заавал хөргөж хадгалах шаардлагатай. Энэ ангилалд түргэн хөргөх, хөлдөөх технологийг шинээр нэвтрүүлсэн ба түргэн хөлдөөх (supercooling) нь хөлдөх температураас бага хэмд мөс тогтоолгүйгээр хөлдөөдөг ба түргэн хөргөх (superchilling) нь хөлдөх температураас бага хэмд хүнсийг хагас хөлдөөдөг арга юм. Энэ ангиллын хөргөлтийн хэлхээнд тулгарч буй асуудал нь үр ашигтай эрчим хүчээр ажиллаж, байгаль орчинд бага нөлөөлөх, аюул багатай (жишээ нь шатамхай, хортой) хөргөх бодисыг сонгон ашиглах асуудал юм. Монреалийн протоколын дагуу энэ ангилалд ач холбогдол бүхий өөрчлөлтүүд гарсан ба аж үйлдвэрийн салбарынхан озоны давхарга, дэлхийн дулааралд нөлөөгүй хөргөх бодис бүхий сайн арга туршлага, техник технологиудыг нэвтрүүлж байна.
-
Хөргөлттэй тээвэр
Цаг хугацааны аясаар температурын хасах хэмд хадгалах бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн ба түүнийг зохистой хадгалах шаардлагын дагуу хүнсний тээвэрлэлт үүссэн. Хөргөлттэй тээвэрийг газар, далай, агаараар хийх ба газрын тээвэр нь хамгийн олон төрөлтэй буюу хөргүүртэй хагас чиргүүл, чингэлэг, том, жижиг оврын ачааны машинууд үүнд багтана. Далайн тээвэрт голчлон хөргүүртэй чингэлэгүүд багтах ч хөргүүртэй хөлөг онгоц болон маш олон тооны загас агнуурын хөлөг онгоцууд мөн байдаг. Хөргөлттэй агаарын тээврийн хугацаа богино ба температурын хяналт нь энгийн байдаг. Хөргөлттэй тээвэрлэлт нь үйлдвэрлэгчээс нийлүүлэгч рүү, эсхүл дэлгүүрээс хэрэглэгчийн гарт хөргөлттэй ачааны машинаар тээвэрлэх боломжийг олгодог. Сүүлийн 10 жилийн туршид супермаркетууд бараагаа онлайнаар хэрэглэгчийн гарт хүргэх үйлчилгээг нэвтрүүлсэн ба энэ нь өрсөлдөөнийг үүсгэж олон тооны хөргүүртэй машиныг нэвтрүүлэх гол хүчин зүйл болсон юм.
4. Хүйтэн хэлхээ ба тогтвортой хөгжлийн зорилтууд
Хүйтэн хэлхээний салбар бол хамгийн чухал салбаруудын нэг ба цогцоор нь анхааралдаа авах шаардлагатай. Учир нь энэхүү салбар нь хүнсний үйлдвэрлэл, эрүүл мэнд, хөргөлт, тээвэрлэлт, аялал жуулчлал гэх мэт эдийн засаг, нийгэм, техник технологийн зэрэг өөр өөр чиглэлүүдтэй холбогддог. Аливаа улс орны аж ахуйн нэгжүүд байгаль орчинд нөлөө багатай, эрчим хүчний хэмнэлттэй, эдийн засгийн хувьд боломжийн хүйтэн хэлхээний технологийг сонгох талаар өөр өөр стандарттай бөгөөд нэгдсэн байдлаар чиглүүлэх нь чухал. Олон улсын хамтын нийгэмлэг нь 2015 оны 9 дүгээр сард 2030 он хүртэлх хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилтуудын 2 буюу “Өлсгөлөнг тэглэх” зорилтыг биелүүлэхийг чухалчлан баталсан. Үүнтэй хамааралтайгаар “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал” ба “Хаягдал хүнс” зэрэг үзүүлэлтүүд хүйтэн хэлхээний технологитой шууд холбогдох юм. Түүнчлэн 3 буюу “Эрүүл мэндийг дэмжих”, 9 буюу “Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх”, 12 буюу “Хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих”, 13 буюу “Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах” зэрэг зорилтууд мөн хамаарна. Иймд хүйтэн хэлхээний салбарт тулгараад буй сорилтуудыг шийдвэрлэх нэгдсэн арга туршлагыг бий болгох нь эдийн засаг, хүрээлэн буй орчинд олон ашиг тустай. [7]
5. Озоны давхаргаа хамгаалахад иргэн Таны оролцоо
Иргэд, аж ахуйн нэгжүүд нь байгаль орчинд ээлтэй, дэлхийн дулааралд нөлөөлөл багатай бодис ашигладаг үр ашигтай хөргөлтийн төхөөрөмжийг сонгон хэрэглэх нь дэлхийн озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дэлхийн дулаарлыг бууруулахад чухал ач тустай юм. Энэ жилийн хувьд та НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд озоны давхаргыг хамгаалах үйл ажиллагааг дэмжин, олон нийтийг уриалах зорилготойгоор зохион байгуулж буй Ази-Номхон далайн бүс нутгийн “ОЗОН-УУР АМЬСГАЛ” уран бүтээлийн уралдаанд оролцох боломжтой юм. Уралдаан Озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах Венийн конвенц, Монреалийн протокол, түүний Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн ололт амжилт, үйл ажиллагаа, ашиг тусыг харуулах сэдвийн дор 2 насны ангиллаар (15-аас доош насны хүүхэд, том хүн) 3 төрөлд (график дизайн, гар зураг, гэрэл зураг) зохион байгуулж байна. Монгол Улс үндэсний түвшинд ялагчдыг шалгаруулах ба шалгарсан ялагчид цааш Ази, Номхон далайн бүсийн уралдаанд оролцох эрхтэй болох юм. Иймд та бүхнийг уралдаандаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
“ОЗОН-УУР АМЬСГАЛ” уран бүтээлийн уралдаантай холбоотой дэлэгэрэнгүй мэдээллийг https://www.ozone2climate.org/ хаягаас авах боломжтой.