Монгол Улс хилээ албан ёсоор нээлээ
Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр боллоо.
Монгол Улс хилээ албан ёсоор нээлээ
Монгол Улс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хилээ албан ёсоор нээлээ. Ингэснээр монголчууд хил нь нээлттэй байгаа Турк, АНУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Грек, Тайланд, Индонези, Бразил, Египет, БНЭУ зэрэг 10 гаруй улсад зорчих боломжтой юм. Өнөөдрийн байдлаар 110 гаруй улс, түүний дотор ОХУ, БНХАУ, БНСУ, Япон болон Европын Холбооны Улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, зөвхөн байнга оршин суух визтэй иргэдийг нэвтрүүлж байгаа. Засгийн газар иргэдээ чөлөөтэй зорчих орны тоог нэмэх зорилгоор дархлаажуулалт хийлгэснийг нотлох гэрчилгээ олгож, гэрчилгээг гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж байна.
Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглов
Газрыг нь зориулалтын бусаар ашиглах, ашигласан бол тухайн байгууллагын эрхийг нь цуцлахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргад үүрэг болгов. Мөн төр, хувийн түншлэлийн хүрээнд хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий орчин бүрдүүлэхийг даалгав. Хүрээлэнгийн одоогийн газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны захирамжаар “Монголын үндэсний соёл, амралтын хүрээлэн” компанид 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
Хүүхэд, залуучуудын хөгжлийн зориулалтаар барьсан төр, хувийн хэвшлийн эзэмшилд байгаа барилга, байгууламжуудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зориулалтын дагуу ашиглах чиглэлээр хамтран ажиллах юм. Тухайлбал хувийн хэвшлийн мэдэлд байгаа “Бамбарууш” кафег гэхэд ирэх есдүгээр сараас зориулалтынх нь дагуу ажиллуулахаар төлөвлөжээ.
Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын барилгад их засвар хийнэ
1978 онд байгуулагдсан цогцолборын барилга, байгууламжид их засвар хийхийг холбогдох сайд, Нийслэлийн удирдлагад үүрэг болголоо. Цаашид цогцолборын эзэмшил бүсэд газар эзэмших эрх олгохгүй байхыг даалгалаа. Мөн Хөвсгөл аймагт “Найрамдал-2” зуслан байгуулахаар төлөвлөн зураг төсөл нь хийгдсэн. Үүнийг үргэлжлүүлэн судалж, зуслан байгуулахтай холбоотой хөрөнгийг 2022 оны улсын төсөвт тусгахаар болов.
Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулна
Нийслэлийн СХД-ийн тавдугаар хороонд барьж байгаа дүүргийн Соёлын ордны барилгыг Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэлээ. Хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдүүлэх зэрэг зорилгоор дээрх шийдвэрийг гаргалаа. Одоогоор барилгын ажил 65 хувьтай, энэ оны 12 сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Театрт 110 уран бүтээлч, ажилтан ажиллах бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байх юм.
Хүүхэд, залуучуудад зориулсан драмын театрыг 1951 онд "Хүүхдийн төв театр" нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулсан түүхтэй. 1967 онд “Хүүхэд, залуучуудын театр” болгон өргөжүүлж, 1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн. 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хувьчилсан байна. Улмаар театр үйл ажиллагаагаа зогсоож, хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болжээ.
Амаржих газруудад их засвар хийхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэнэ
Хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгад их засвар хийхэд шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгахаар боллоо. 1959 онд байгуулагдсан “Хүрээ” амаржих газар гэхэд л 85 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. 1978 онд байгуулагдсан “Өргөө” амаржих газарт 2013 онд өргөтгөл хийснээр 150 ортой ажиллаж байгаа. “Амгалан” амаржих газар 2015 онд шинэ байранд орж 200 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Цаашид Улаанбаатар хот дахь амаржих газруудын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээ авах боллоо.
Г.К.Жуковын талбайн хойд талын газрыг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулна
Нийслэлийн БЗД-ийн дөрөвдүгээр хороо, жанжин Ж.Лхагвасүрэнгийн гудамж-9, Г.К.Жуковын нэрэмжит талбайн хойд талд аж ахуйн нэгжүүдэд олгосон газар эзэмших эрхийг цуцлах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав. 2006-2015 онд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар таван аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгосон байна.
Сумдыг инженерийн дэд бүтэцтэй болгоно
Сумдыг инженерийн дэд бүтэцтэй болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх болов. Энэ хүрээнд нэр бүхий 19 аймгийн 59 сумыг дэд бүтэцтэй болгоно. Сумдыг хүн амын тоо, газар зүйн байршил, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль экологийн эмзэг байдал, газар нутгийн даац, ус хангамжийн эх үүсвэр, усны нөөц зэргийг харгалзан сонгосон байна. 2024 он гэхэд:
- Иргэдийг шаардлага хангасан ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх байгууламжаар дамжуулан цэвэрлэх
- Дулаан, хэрэгцээний халуун устай болгох
- Сумын төвийн орон сууц, худалдаа, үйлчилгээний зэрэг барилга, байгууламж, айл, өрхийн 40 хүртэлх хувийг буюу нийт 7,800 өрхийн 31 мянган хүн амыг төвлөрсөн шугам сүлжээтэй болгох
- Шилжилт хөдөлгөөнийг бууруулж, сумандаа ая тухтай амьдрах боломж бүрдүүлэх
- Бичил өрхийн үйлдвэрлэл хөгжих нөхцөл бүрдүүлэх зэрэг зорилт тавьж байна.
Барилга, хот байгуулалтын яам Төв аймгийн Бүрэн суманд “Сумын төвийн шинэчлэл” төсөл хэрэгжүүлсэн байна. Ингэснээр:
- Сумын төвийн байгууллага, аж ахуйн нэгжүүд ус, дулааны төвлөрсөн шугамд холбогдож, 10 гаруй нүхэн жорлонг халсан
- Байгууллага, аж ахуйн нэгжүүд тус бүрдээ халаалтын зуух ажиллуулж агаар, орчин бохирдуулахаа больсон
- Сургууль, цэцэрлэгт явах хүүхдийн тоо нэмэгдсэн
- Иргэд, аж ахуйн нэгжүүд найман айлын орон сууц, нарийн боовны цех, бусад барилга ашиглалтад оруулсан
- Газрын үнэ нэмэгдсэн зэрэг эерэг үр дүн гарчээ.
“Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 238 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд жил бүрийн улсын төсөв, гадаадын зээл, тусламжаас санхүүжүүлэх юм байна.
Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой журамд нэмэлт, өөрчлөлт оруулав
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тухайн хүүхэд, асран хамгаалагч өрх, иргэн авч чадахгүй байх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлддэг асран хамгаалагч мөнгийг зохисгүй хэрэглэдэг бол мөнгийг хүүхдийн нэр дээрх дансанд нь шилжүүлнэ. Ингэхдээ хүүхдийн байгууллагын дүгнэлтийг үндэслэх юм байна.
Ингэснээр хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үүрэг, хариуцлага сайжрана гэж Засгийн газар үзлээ.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эцэг, эх, асран хамгаалагч нь тухайн хүүхдийн нэр дээр хадгаламж нээж, эсвэл өөрсдийн данстай холбуулан авч байна. Мөнгөн тэтгэмжийн дансны 85.6 хувийг эх, 10.7 хувийг эцэг, 3.5 хувийг асран хамгаалагч, 0.3 хувийг 16 нас хүрсэн хүүхэд өөрийн дансанд холбуулжээ.
Нийт хүүхдийн 97.1 хувь нь хүүхдийн мөнгийг захиран зарцуулах эрхтэй хүнтэй хамт амьдардаг. Харин 2.9 хувь буюу 22 орчим мянган хүүхэд тусдаа амьдардаг бөгөөд тэдний 900 орчим нь албан бус гэр бүл салалтаас болж мөнгөө өөртөө болон тухайн амьдарч байгаа өрхийн хэрэглээнд зарцуулж чаддаггүй судалгаа гарчээ. Нийт өрхийн 0.2 хувь буюу 1,120 өрх мөнгөний ихэнх хувийг архи, согтууруулах ундаанд зарцуулдаг байна.