Төрийн банк “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг хэвийн олгож байна

Нийтэлсэн: Админ 2021-07-21 20:49:20
 

Төрийн банк нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах хүсэлтэй иргэд, ААН-н хүсэлтийг бүх салбар нэгжээрээ болон цахимаар хүлээн авч, олголтыг хэвийн үргэлжлүүлж байна.

Төрийн банк нь өнөөдрийн байдлаар 19,602 зээлдэгчийн 1.6 их наяд төгрөгийн “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлт хүлээн авч, 7,813 зээлдэгчид 361 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Нийт олгосон зээлийн 68%-ийг иргэд, 32%-ийг ААН-үүд авчээ.

Зээлийн нөхцөл:

·Жилийн 3 хувийн хүүтэй, 3 хүртэл жилийн хугацаатай;

·Зээлийн хэмжээ нь ААН-үүдэд 500 сая хүртэл, иргэдэд 50 сая хүртэл төгрөг;

·Барьцаа хөрөнгийн дутагдалтай зээл хүсэгчид зээлийн дүнгийн 60 хүртэлх хувьд Зээлийн Батлан Даалтын Сангаас батлан даалт гаргуулах боломжтой;

·Зээлдэгчийн санхүүгийн байдалд тохируулан үндсэн зээлийн төлөлтөөс 12 сар хүртэл хугацаанд чөлөөлөх боломжтой.

Зээлийн зориулалт:

·Зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх.

 Тавигдах шаардлага:

·Зээл хүсэх үеийн эрхэлж буй бизнесийг иргэний хувьд сүүлийн 6 сар, ААН-ийн хувьд сүүлийн 12 сар эрхэлж байсан туршлагатай байх (Ковид-19 цар тахлын нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагаа нь тасалдсан байж болох ч тухайн бизнес эрхлэгч иргэний хувьд сүүлийн 6 сар, аж ахуйн нэгжийн хувьд сүүлийн 12 сар тухайн бизнесийг эрхэлж байгаа туршлагатай гэдгийг нотлох);

·Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;

·Бизнесийн тогтмол мөнгөн урсгалтай, үйл ажиллагааны цэвэр мөнгөн орлогын 70%-иас хэтрэхгүй дүнгээр зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх чадвартай байх (Ковид-19 цар тахлын нөлөөгөөр зээл хүсэгчийн бизнесийн үйл ажиллагаа 2020 оноос хойш хумигдаж, санхүүгийн үзүүлэлт нь буурсан тохиолдолд 2018, 2019 оны цэвэр мөнгөн урсгалд үндэслэн зээлийн судалгаа тооцооллыг хийнэ);

·Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий холбогдох байгууллагаас авсан, бусад баримт бичиг нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан;

·Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргуулах тохиолдолд “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль”-ийн 4.1.1 дэх заалт, 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан ЖДҮҮЭ хуулийн этгээд байх. Өөрөөр хэлбэл, 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой байх шаардлагыг хангах.