“Өрх бүр хашаандаа мод тарья” аяны нээлт боллоо

Нийтэлсэн: Админ 2021-05-15 8:32:00

Өнөөдөр хаврын бүх нийтээр мод тарих өдөр тохиож байна. Энэ өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Өрх бүр хашаандаа мод тарья” аяны нээлт боллоо. Тус аяны хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 100 хороонд 25000 хашаанд мод суулгах бэлтгэл ажлыг хангасан бөгөөд хамгийн олон гэр хорооллын өрхтэй Сонгинохайрхан дүүргээс аяныг эхлүүллээ.

 

 Аяны нээлтийн ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон албаны бусад хүмүүс оролцлоо. Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрийг 22 дахь удаагаа зохион байгуулж байгаа. Жил бүр мод тарьдаг ч арчилгаа, усалгаа, ургалтыг анхаарах нь нэн чухал гэдгийг салбарын сайд онцолсон юм. Иймээс энэ жил 14 төрлийн модны 25000 суулгацыг айл өрхөд хүлээлгэн өгөхдээ давхар гэрчилгээ олгож хянахаар болжээ.

 

“Өрх бүр хашаандаа мод тарья” аян 5 дугаар сарын 15-аас 22-ны өдрүүдэд үргэлжилнэ. Дүүрэг бүрийн сонгогдсон байршлын айл өрхүүдэд суулгац болон шаардлагатай шороо, элс, бордоо зэргийг хүргэх, зааварчилгаа өгөх ажлыг нийслэлийн засаг даргын тамгын газраас зохион байгуулж байна. Мод тарих айл өрхийг сонгохдоо тухайн хорооны нутаг дэвсгэрийн дахин төлөвлөлтийн хугацаа байршил зэргээс харгалзаж үзжээ.

 

Өнгөрсөн хугацаанд бүх нийтээр мод тарих өдрөөр 13.7 сая гаруй мод тарьсан. Гэвч тарьсан мод бүр ургадаггүй туршлага бий. Иймд арчилгаа, усалгаа, хамгаалалтыг сайжруулан, амьдралтын хувийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учир тарьсан мод нь эзэнтэй байх үүднээс энэ жил өрх бүрийн хашаанд тарих нь чухал гэж үзсэн байна.  Өрх бүр хашаандаа мод тарьсанаар агаар цэвэршүүлэх, орчны бохирдол, дуу чимээг бууруулах, экологийн боловсролыг дээшлүүлэх зэрэг давуу талуудыг бий болгож эрүүл, ая тухтай амьдрах орчин бүрдэх юм.