Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгууллаа

Нийтэлсэн: Админ 2021-05-28 14:37:00

 Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.05.28) нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад 40 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.

    Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан нарын 23 гишүүнээс 2021 оны тавдугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны тавдугаар сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.


    Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны тавдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн асуулт асууж, хариулт авсан. Дараа нь тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эл саналыг дэмжсэн тул төслийг дэмжих санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 39 гишүүний 51.3 хувь нь дэмжснээр “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.


    Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.

    Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Д.Өнөрболор нараас 2021 оны тавдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны тавдугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны тавдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсан бөгөөд төслийн эцсийн хувилбарыг бэлтгэснийг танилцууллаа.


    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ