Х.Баясгалан: Н.Түвшинбаярын биеийн байдал тогтвортой байгаа
МҮОХ-ны ерөнхийлөгч, олимпийн аварга, Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр бусдын биед хүнд гэмтэл учруулсан тул яллагдагчаар татагдан ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих ангид хоригдож байгаа. Н.Түвшинбаярыг хоригдох хугацаанд коронавирусын pcr-ын шинжилгээ авахад эерэг гарсан юм. Энэ талаар ШШЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харьцах төвийн дарга Х.Баясгалангаас товч мэдээлэл авлаа.
-Н.Түвшинбаярыг хэнээс, ямар замаар коронавирусын халдвар авсаныг тогтоосон уу?
-Түүнийг Цагдан хорих анги болон баривчлах байранд оруулахдаа коронавирусын шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Эхний шинжилгээний хариуг далд үедээ байсан гэж таамаглаж байна. Гэхдээ яг олж тогтоосон зүйл алга. Тэгээд давтан шинжилгээ хийхэд эерэг гарлаа.
-Түүний биеийн байдал хэр байгаа вэ?
-Сүүлд авсан мэдээгээр бол биеийн байдал нь тогтвортой, хүндэрсэн шинж тэмдэггүй. Тус цагдан хорих ангийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна.
-Н.Түвшинбаяр хоригдох хугацаандаа эргэлт, уулзалт авсан уу?
-Бүх нийтийн бэлэн байдал болон өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байгаа учраас хоригдол, хоригдогчтой уулзах уулзалт, эргэлтийг түр хугацаагаар зогсоосон. Бүх хорих ангид ийм байгаа.