Б.Содонбаатар: Төрийн банк ажлын байрыг дэмжих зээлийг олгож эхэлсэн
Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан билээ.
Энэхүү төлөвлөгөөний хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн олголт гуравдугаар сарын 10-наас эхлээд буй.
Тус зээл нь жилийн 3%-ийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, ААН-үүдэд 500 сая хүртэл, иргэдэд 50 сая хүртэл төгрөгийн зээл олгогдохоороо онцлог бөгөөд зээлийн дүнгийн 60%-д Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргуулах боломжтой. Мөн үндсэн зээлийн төлөлтөөс 12 сар хүртэл хугацаанд чөлөөлөх боломжтой /Үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа нь нийт хугацааны гуравны нэгээс хэтрэхгүй байх/ юм.
Зээл авах хүсэлтийг ААН, иргэнээс хэр ирүүлж байгаа талаар Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн газрын захирал Б.Содонбаатараас тодруулахад “Төрийн банкны хувьд тус зээлд хамрагдах хүсэлтэй ААН-ийн хүсэлтийг бүх салбар нэгжүүдээрээ болон цахимаар 2021 оны хоёрдугаар сарын 23-наас авч эхэлсэн. Хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 10-ны хооронд 1,606 зээлдэгчийн 337.6 тэрбум төгрөгийн хүсэлт ирсэн. Бид ирсэн хүсэлтүүдийг дарааллын дагуу судалж, хурдан шуурхай олгох тал дээр анхааран ажиллаж байна. Өчигдрөөс зээлүүд гарч эхэлсэн. Өнөөдрийн хувьд аймаг орон нутгаас маш их хүсэлт ирсэн. Тухайлбал, Дундговь аймгийн нэг харилцагч өчигдөр зээлээ авсан.
Банкны зүгээс зээлийг ажлын тав хоногийн дотор зээлийг түргэн шуурхай шийдэхээр ажиллаж байгаа. Мөн тухайн зээлдэгчийн материал бүрдэлт хангалттай, бүрэн байвал саадгүй түргэн шийдвэрлэх зорилготой.
Зээлийн тавигдах шаардлагын тухайд:
Сүүлийн 12 сар тасралтгүй тухайн бизнесийг эрхэлсэн туршлагатай байх
НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл НӨАТ-аас чөлөөлөгдсөн байх
Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай зээл авах тохиолдолд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан ЖДҮҮЭ хуулийн этгээд байх. Өөрөөр хэлбэл 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой байх
Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд тавигдсан бусад шаардлагууд байгаа" гэсэн юм.
Ийнхүү цар тахлаас үүссэн эдийн засгийн хүндрэлээ даван туулахаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААН-үүд зээл авч эхэлжээ.